Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 31 төв ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг манай улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт байгуулжээ. Энэ талаар Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн захирал Т.Энхтуяа өнөөдөр болсон төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр мэдээллээ. Дээрх төслийг ХНХЯ Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Германы GFA зөвлөх компанитай хамтран манай улсад 2016 оноос хэрэгжүүлсэн юм.
Төслийн хүрээнд байгуулсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төвөөр дамжуулан хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын туршлага бага залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ, арга хэрэгслийг нэвтрүүлсэн юм.
Тухайлбал, ажил хайж буй залуу хүний хөдөлмөр эрхлэх чадварыг нь үнэлж, улмаар тухайн хүний онцлогт тохируулан хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөөг боловсруулсан байна. Төслийн хүрээнд гарсан үр дүнг өнөөдөр хэлэлцэж, Увс аймаг болон нийслэлийн Хан-Уул дүүргийн төлөөлөгч нар залуучуудад ажлын дадал туршлага эзэмшүүлсэн талаар, “Эко гутал” компани гарааны бизнес эхлүүлсэн, интерншип үйлчилгээ нээсэн талаар танилцуулав.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хаалтын үйл ажиллагаанд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Швейцарын Хөгжлийн агентлагийн дэд дарга Бэнуа Мейэр-Биш, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Цогт-очир нар оролцлоо. Энэ үеэр төсөл хэрэгжүүлсэн баг, хамт олны үзэсгэлэн гарч тухайн ААН-үүд бүтээгдэхүүнээ дэлгэв.
Гэрэл зургийг Н.Батбаяр