Мөнххайрхан, Үeнч сумын нутгаар зэрлэг амьтдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-12-08 12:47:49

Ховд /МОНЦАМЭ/. Янгир ямааны суурьшлын бүс нутаг болох Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн Тасын нуруунд 500 кг хужир шүү тавьж, биотехникийн арга хэмжээ авчээ. 

Тус ажлыг энэ сарын эхээр Мөнххайрхан сумын ЗДТГ, Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон байгаль хамгаалагчид хамтран зохион байгуулсан байна.     

Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Мөнххайрхан уул, Ховд аймгийн Булган, Үенч, Мөнхайрхан сум болон Баян-Өлгий аймгийн Булган сумын зарим хэсгийг улсын тусгай хамгаалалтад авч, газар нутгийн менежментийг хариуцан ажиллаж байна.  

Судалгаагаар энэ бүс нутагт нийт 4500 орчим янгир тархан бэлчээрлэж буй

Энэ өвөл Мөнххайрхан, Үeнч сумын нутгаар зэрлэг амьтдын өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Одоогоор Мөнххайрхан сумын нутгаар цас бага орсон бөгөөд мал болон зэрлэг амьтдын бэлчээр давхцах тохиолдол гарч байна. Харин Үeнч сумын хувьд уулаараа нэлээд цастай, хавартаа өвс тэжээлийн хомсдол бий болох магадлалтай гэж нутгийн байгаль хамгаалагчид хэллээ

Үүнтэй холбогдуулан Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас “Өвс, тэжээл хомсдож буй газар, байршил тогтоох нарийвчилсан судалгаа” хийж байна.  

Улмаар 20 орчим тонн өвс нөөцөлж, бэлтгэл хангажээ. Тухайлбал, Ховд аймгийн Мөнххайрхан, Үeнч суманд тус бүр гурван тонн, Булган суманд найман тонн, Баян-Өлгий аймгийн Булган суманд таван тонн өвс бэлтгэж, биотeхникийн арга хэмжээ авахаар төлөвлөсөн аж.

Уг ажлыг өвс, тэжээл хомсдож буй газар, зэрлэг амьтдын суурьшлийн бүс, тодорхой цэгүүдэд шат дараатай хэрэгжүүлэх юм

Ташрамд, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийг дамнан орших мөнх цаст Мөнххайрхан уул нь Ховд аймгийн төвөөс 200 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 390 км зайд оршино.  

   

Холбоотой мэдээ