Ногоон зээл олголт Тогтвортой хөгжлийн санхүүжилт болон өргөжиж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-12-06 12:29:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын банкны салбарт гарч буй 20 их наяд төгрөгийн зээлийн 2.5 хувь нь ногоон зээлийн ангилалд багтаж байна. Олон улсад сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлыг үр ашигтайгаар шийдвэрлэх, дэвшилтэт технологийг ашиглах замаар ногоон санхүүжилтийг дэмжиж ирсэн. Манай улсад ч ялгаагүй, банкны салбарт иргэн, ААН-д зээл гаргахдаа байгаль орчинг хамгаалах, ногоон эдийн засгийн өсөлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлын зарчмыг дэмжин санхүүжилт олгож байна.

Энэ бодлогыг илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн тулд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Тогтвортой санхүүжилтийн стандартыг банкны салбарт нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж буйг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.




Тэрээр, “Банкны салбарт аль болох бүх л зээл ногоон чиглэл зорилготой, ногоон хөгжлийг дэмжин санхүүжүүлж байвал мэдээж сайн. Гэхдээ энд тодорхой цаг хугацаа хэрэгтэй байна. Ногоон зээл, санхүүжилттэй холбоотой зүйл эргээд Тогтвортой хөгжлийн санхүүжилт болон өргөжиж байна. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Тогтвортой санхүүжилтийн таксиномийг гаргахаар ажиллаж байна” хэмээн онцолж байна. Түүний тодотгож буй “Ногоон таксономи” гэдэг нь бизнес-санхүүгийн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны ангилал, тодорхойлолт, шалгуур үзүүлэлтүүд юм. 




Нөгөөтэйгүүр ААН-үүд санхүүжилт авахын тулд зөвхөн арилжааны банкуудад хандаад зогсолгүй, хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах хувьцаа арилжих замаар хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдсэн. Ингэхдээ ногоон хөгжлийг дэмжсэн төсөл зорилтод тулгуурласан бол илүү хөнгөлөлттэй, түргэн шуурхай үйлчлүүлж байх зохицуулалтыг СЗХ-ноос хийж эхлээд байна. Энэ талаар тус хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ, ногоон санхүүжилтийг олон улсаас татах үйл ажиллагааг хялбар байх, болгох үүднээс манай байгууллагаас журмын зохицуулалтыг оруулж өгч байна. Жишээ нь, бонд гаргаж буй ААН-ийг бүртгэхдээ Засгийн газар болон МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП-100 ААН-үүдийг түлхүү оруулах, дээрээс нь ногоон чиглэлийн үйл ажиллагаа явуулах санхүүжилт татахаар бол СЗХ хөнгөвчилсөн журмаар бүртгэж байна. Өөрөөр хэлбэл, ААН-үүд, арилжааны байгууллагууд Монголын Хөрөнгийн бирж дээрээс болон биржийн бус зах зээлээс санхүүжилт татахад СЗХ бодлогын бүхий л дэмжлэгийг үзүүлэх зохицуулалтыг хийгээд явж байна” гэв.




“Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт улс орон бүр байгаль орчинд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, хэрэв сүйтгэж дордуулсан, доройтуулсан бол нөхөн сэргээх, аливаа ажил, үйлчилгээнд ногоон технологи түлхүү ашиглах үүрэг хүлээж буй. Үүнд санхүүжилтийн хөшүүрэг ашиглахыг зөвлөдөг. Манай улсад Тогтвортой санхүүжилтийг бүх л түвшинд бодлогоор зангидах, нэгдсэн удирдлагаар хангах шаардлагатай байгааг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэлж байна. Тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн санхүүжилтийг нэгдсэн удирдлагаар хангах нэгдсэн бүтэц манай улсад одоогоор байхгүй байгааг тэрээр хэлж байна.




Тэрээр, “Бидний гаргаж ирж буй Тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн санхүүжилтийн стратеги дээр ийм бүтэц байх ёстой” гэдгийг тодотгож, “Энэ бүтэц хаана, яаж байх талаар янз бүрийн санал гарч байгаа. Одоогийн байдлаар Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн дэд хороог Сангийн яаман дээр байгуулаад ажиллуулвал яасан юм гэсэн санал оруулаад байна” гэв.

Манай улсын эдийн засгийн голлох салбар уул уурхай болон газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалд тулгуурлан Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг түүчээ болгон ажиллах бүрэн боломжтойг өнгөрсөн сард чуулсан “Монголын Тогтвортой санхүүгийн форум-2021” дээр тэмдэглэж байлаа. Энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд санхүүгийн байгууллагуудаас гадна санхүүгийн үйлчилгээ авч буй иргэд, ААН-үүдийн мэдлэг мэдээлэл чухал гэдгийг мэргэжилтнүүд онцлон хэлж байв. 




Гэрэл зургуудыг Т.Чимгээ. Н.Батбаяр

Холбоотой мэдээ