“Омикрон” хувилбар АНУ-ын 12 муж улсад илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2021-12-05 15:47:23

ВАШИНГТОН. /The Hill/. АНУ-д коронавирусний шинэ “омикрон” хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнээс гуравхан хоногийн дотор уг хувилбар илэрсэн муж улсуудын тоо 12-т хүрчээ. 


Өмнөд Африкт анх илэрсэн шинэ хувилбарын талаар дэлхий дахинд 11 дүгээр сарын сүүлээр анх мэдээлсэн бөгөөд одоогоор 40 гаруй улс оронд илрээд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 11 дүгээр сарын 26-нд “омикрон”-ы асуудлаар яаралтай хуралдаж, “анхааралдаа авах” ангилалд оруулсан юм. 


Тус байгууллагын мэргэжилтнүүд шинэ хувилбар олон тооны мутацитай, “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авах эрсдэлтэйг нь харгалзан дээрх ангилалд оруулсан байна. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй дэлхийн удирдагчид халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Африкийн өмнөд хэсгийн орнуудад зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон билээ. 


Гэвч “омикрон”-оор халдварласан анхны тохиолдол АНУ-д лхагва гарагт илэрснээс хойш 12 муж улсад бүртгэгдээд байгаа бөгөөд өвчтөнүүдийн зарим нь ойрын долоо хоногуудад хилийн чанадад зорчоогүй хүмүүс байна. Мөн цаашид бусад муж улсуудад шинэ халдварын тохиолдол илрэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Судлаачдын хувьд “омикрон” хэр халдварлах чадвартай болох, одоогоор хэрэглэж буй вакцинуудын үр дүнг бууруулах эсэх, мөн өмнөх хувилбаруудаас аминд халтай эсэхийг нь үргэлжлүүлэн судалж байна.

Холбоотой мэдээ