Бизнесийн салбарынхан нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-12-03 12:35:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн байгууллагынхан ААН, хамт олноороо дархлаажуулалтын нэмэлт 3 дахь тунд идэвхтэй хамрагдаж байна. Нийслэлд 180 шахам байгууллага, ААН дархлаажуулалтын нэмэлт тунд ажилтнуудаа бүрэн хамруулаад байна. Ноос, ноолуурын үйлдвэрлэлийн “Гоёл кашимер” ХХК өчигдөр 60 гаруй ажилтан, ажилчдаа нэмэлт тунд хамруулав.




Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, харилцагчдаа хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд сайн дурын үндсэн дээр нэмэлт тундаа хамрагдахыг нийт ААН, байгууллага, бизнес эрхлэгч нарт хандан уриалсан юм. Энэхүү уриалгад хамгийн анх худалдааны “Наран фүүдс” компани нэгдэн 40-50 ажилтантайгаар эхлүүлсэн юм. Мөн удаалан тээвэр ложистикийн үйлчилгээний “Алтай ложистик” болон “Цэ энд Цэ” пабын хамт олон бүрэн хамрагдсан юм. Одоо уг уриалгад МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос, ноолуурын зөвлөл нэгдэн, энэ чиглэлийн ААН-үүд нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж эхэллээ.



Бизнесийн тогтвортой үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн тулд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, тээврийн салбарын ажилтан, албан хаагчид нэмэлт тундаа түлхүү хамрагдаж байна.

Холбоотой мэдээ