Япон Оманы булангаас цэргийн хөлөг онгоцоо татна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-12-01 11:23:06

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар тус улсын Өөрийгөө хамгаалах хүчний эскадрын мина зөөгч хөлөг онгоцыг Оманы булангаас эргүүлэн татахаар болжээ.  Уг хөлөг онгоц өнгөрсөн оны эхнээс хойш Ойрхи Дорнодын энэ бүсэд эргүүл хийж байгаа юм. 


“Kyodo” агентлагийн мэдээлснээр, хөлөг онгоцыг Хятадын үйл ажиллагаа өмөн нэмэгдэж байгаатай холбогдуулан Японы эргэн тойрон дахь усанд, ялангуяа Токио, Бээжингийн хооронд газар нутгийн маргаантай байгаа, Зүүн Хятадын тэнгис дэх Сенкаку (Дяоюйдао) арлуудын бүсэд ашиглахаар төлөвлөж байна.


Харин Оманы буланд эргүүл хийх үүргийг Сомалийн эрэг орчмын Адены булангийн усан дахь тээврийн аюулгүй байдлыг хангахад оролцож буй Японы өөр нэг эскадрын мина тээвэрлэгч хөлөг онгоц гүйцэтгэхээр болжээ.


Японы өөрийгөө хамгаалах хүчний хөлөг онгоцыг 2020 оны нэгдүгээр сард "мэдээлэл цуглуулах, судалгаа хийх" зорилгоор Оманы булан руу илгээсэн байна. Гэсэн хэдий ч уг хөлөг онгоц газрын тос зөөвөрлөгч хөлөг онгоцуудаа хамгаалах үүргийг гүйцэтгэж байв. Гадаадын хөлөг онгоц байрлах нь Персийн булангийн бүсийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулахгүй гэж Техран Оманы булан руу хөлөг онгоц илгээсэнтэй холбогдуулан Токиод мэдэгджээ. Харин Японы эрх баригчид хөлөг онгоц нь бие даан ажиллах бөгөөд энэ бүс нутагт тээвэрлэлтийг хянах зорилготой олон улсын эвсэлтэй холбоогүй гэж мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ