ЕБС-ийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжинэ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-11-30 17:28:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021-2025 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас Дундговь аймагт “ЕБС-ийн үдийн хоолны үйлдвэрлэлийг дэмжих" төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн ажилтнууд өчигдөр аймгийн удирдлагатай уулзаж, төслийн зорилго, чиглэл, үйл ажиллагааг танилцуулан санал солилцлоо.

Уг төсөл 2 үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шатанд сургуулиудын үдийн хоолны хөтөлбөрийн нөхцөл байдалд судалгаа, шинжилгээ хийж, сургуулийн хоол зүйчдийг бэлтгэн, сурагчдын үдийн хоолны шим тэжээлийн стандартыг сайжруулах,  хоолны цэсийг баяжуулах чиглэлээр төлөвлөгөө гаргах аж.     

Харин төслийн 2 дахь үе шатанд 2023 оноос судалгааны үр дүнд суурилан сурагчдын онцлогт тохирсон шим тэжээлтэй хоол хүнсийг бэлтгэн нийлүүлэх ажлыг зохион байгуулах юм. 

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ЖАЙКА төслийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлэн, цаашдаа сурагчдын үдийн хоолны чанарыг сайжруулах, орон нутгийн онцлогт тохирсон хоол тэжээлээр хангах ажилд бүх талаар дэмжин, сурагчдын хоол хүнсэнд шаардлагатай хүнсний ногоог тариалах, хадгалах хүлэмж, зоорийг бэлтгэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Мөн холбогдох байгууллагуудад үдийн хоол хөтөлбөрийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, сайжруулах төлөвлөгөө боловсруулах ажилд төслийн багийнхантай нягт хамтран ажиллах чиглэл өгсөн байна. 

Холбоотой мэдээ