Иргэний андгай өргөх ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-27 17:27:43

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Шинэ үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны түүхт 97 жилийн ойг тохиолдуулан “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Засаг даргын зөвлөх Д.Батбилэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Отгончимэг, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Алтайбаатар, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Г.Чүлтэмжамц нар оролцож, 16 нас хүрч буй сурагчдад иргэний үнэмлэх, батламжийг хүндэтгэлтэйгээр гардууллаа хэмээн аймгийн ГБХЗХГ-аас мэдээлэв.

Монгол Улсын 16 нас хүрч, иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үе, залуучуудыг түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэх зорилготой энэхүү ёслолд аймгийн 16 нас хүрч буй 86 сурагч сургууль бүрээс төлөөлж оролцсон юм.

Мөн аймгийн Цэргийн штабаас эр цэргийн албанд татагдах гурван хөвгүүнд “Цэргийн үүрэгтний үнэмлэх”-ийг хүндэтгэн гардуулсан бол Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалт хариуцсан офицер, ахмад Г.Мөнхбаяр “Эх оронч үзэл, монгол бахархлын талаар мэдээлэл хийж, Алтай усан спорт, чийрэгжүүлэлтийн төвийн захирал М.Мягмарбаяр “Үнэт зүйл, алсын хараа, хүсэл мөрөөдөл” сэдвээр илтгэл тавьсан тухай холбогдох албанаас танилцуулав.

Холбоотой мэдээ