Ховд аймаг “Мо-Эн-Ко” ХХК-тай хамтран ажиллах гэрээг цахимаар байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-26 20:04:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг болон Хөшөөтийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Мо-Эн-Ко” ХХК хооронд хамтран ажиллах гэрээг өнөөдөр шинэчлэн байгууллаа.

“Мо-Эн-Ко” ХХК нь Дарви, Цэцэг сумын нутагт орших Хөшөөтийн чулуун нүүрсний ордын тусгай зөвшөөрөл авч, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа учраас дөрвөн жил тутамд Ховд аймагтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр хийдэг. Энэ хүрээнд тусгай ажлын баг томилж, 2021-2024 онд хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулсан аж.

Улмаар талууд гэрээний зүйл, заалт бүрийг нухацтай хэлэлцэж, энэ сарын 26-ны өдөр цахимаар гэрээ байгуулан гарын үсэг зуржээ.

Ингэхдээ гэрээнд олон чухал заалт нэмэлтээр оруулсан гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тодруулбал, энэ удаагийн гэрээнд Хөшөөт хөгжил санд нүүрсний тээврийн тонн тутмаас 0.7$ хуримтлуулдаг байсныг 1-1.2 $ болгож нэмэгдүүллээ. Мөн тээвэрчдээс ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, экспортын тээврийн хөлсийг Засгийн газраас гаргасан бодлогын дагуу “Жишиг үнийн тариф”-т нийцүүлэв.

Түүнчлэн Хөшөөтийн уурхайн нөлөөллийн бус зургаан суманд жилд 300 тонн нүүрсийг хөнгөлөлттэй үнээр олгохоор болсон байна. Мөн орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжиж, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой болгосон ба  орон нутгийн тээвэрчдийн оролцоо 50x50 хувь байсныг 100 хувь болгожээ.   

Үүнээс гадна орон нутагт эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 50 оюутны сургалтын төлбөрийг "Мо-Эн-Ко" ХХК жил бүр бүрэн хариуцахаар боллоо гэж албаныхан хэлсэн юм.  

Холбоотой мэдээ