Сумдын удирдлагуудтай цахимаар хуралдаж, тодорхой чиглэлүүдээр үүрэг өгөв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-11-26 14:20:07

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ түүний харьяа агентлаг хэлтсийн дарга нар 19 сумын Засаг дарга нартай цахим хурал хийжээ. Аймгийн Засаг даргын зүгээс дараах үүрэг даалгаврыг сумдын Засаг дарга нарт өглөө.

-Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр шинэчлэгдэж байгаатай холбогдуулан сумын хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа тус баримт бичигт нийцүүлэх,

-12 дугаар сарын 15-ны дотор төсөв баталж, 12 дугаар сарын 20-ны дотор сар, улирлын хуваарийг гаргаж, хугацаа хоцроолгүй Санхүү төрийн сангийн хэлтэст ирүүлэх,

-Төсвийн тасарсан орлогыг ондоо багтааж нэр төрлөөр нь жигд ханган биелүүлэх, өр авлагатай сумд өр авлагаа төлж барагдуулах ажлыг зохион байгуулах,

-Сумд 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахдаа аймгийн Засаг даргын 2020 оны 143 дугаар захирамжаар баталсан журмын дагуу холбогдох тайлангуудыг  үнэлж, үнэн зөв, бүрэн гүйцэд гарган хугацаа хоцроолгүй ирүүлэх,

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сум бүрт хуваарилсан 15.0 сая төгрөгийн зарцуулалт, өвс, тэжээл худалдан авсан тухай тайланг ХОХБТХ-т 12 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх,

-Өвөлжилтийн бэлэн байдлын мэдээ, судалгааг тухай бүр гаргах, мэдээ судалгаанд үндэслэн өвөлжилт хүндрэх магадлалтай нөхцөл байдлыг тодорхойлж,  авах арга хэмжээг төлөвлөх, бэлэн байдлыг хангах,

-Иргэдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг тухай бүр нь яаралтай цаг алдалгүй үзүүлэх, хариуцлагыг сайжруулах,

-Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох явдал сумдад хавтгайрч үүнээс үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, автын осол нэмэгдэж байгаа тул согтолтын зэрэг хэмждэг багаж худалдан авах төсөв санхүүг 2022 оны төсөвт тусгаж шийдвэрлэх

-Аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/770 “Замын хөдөлгөөнд мотоцикл оролцохыг хориглох тухай” захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах, хориглосон хугацаанд зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах, хяналт тавьж, захирамжийн хэрэгжилтийг сар бүр тайлагнах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн байна.

Холбоотой мэдээ