Эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэхэд технологийн шийдэл чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-13 19:25:31

АСЕМ-ын  дээд түвшний уулзалтын хүрээнд болж буй “Ази-Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт”-д 43 орны 700 гаруй төлөөлөгч оролцож байна.

“Ази-европын уялдаа холбоо, оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх”  сэдэвт хэлэлцүүлэгт оролцогсод олон аж ахуйн нэгж болон иргэдийн оролцоог хангаж байж тухайн улсын эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжинэ гэдгийг тодотгож байна. Японы Бизнесийн Холбооны Ази, Номхон далайн хорооны дарга Масатоши Ито, Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ, Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцан суурин төлөөлөгч Берт Хофман, Азийн хөгжлийн банкны Монголын талыг хариуцсан суурин төлөөлөгч Ёоланда Фернандез Ломмен нарын илтгэл олны сонирхлыг татаж байв. Зээлийн хүү өндөр байх тусам доогуур орлоготой иргэдэд хүндээр тусч эдийн засагт сөрөг нөлөөлөл авчирдагийг жишээн дээр тэд тайлбарласан юм. Түүнчлэн дотоодын төлөөлөгчид Монголын Банк бус санхүүгийн байгууллагууд 40 хувь хүртэлх  зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгож буйг шүүмжлэв. Мөн оролцогсод иргэдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэхэд технологийн шийдэл, интернэт хэрэглээ эерэг нөлөө үзүүлж буйд санал нэгдсэн юм. Дээрх салбар хуралдааны хүрээнд Монгол шиг  улс орнууд дэлхийн бүс нутгийн эдийн засгийн интеграцилал, том улс орнуудын эдийн засгийн нэгдэл, холбоо зэргээс хэрхэн таатай нөхцлүүдийг эдлэх, харилцан ашигтай хөгжих талаар хэлэлцүүлэг өрнөлөө. Мөн  үндэстэн дамнасан корпорациудын нийгмийн хариуцлага, эдийн засгийн өсөлт, орлогын тэгш хуваарилалтын талаар оролцогсод санал бодлоо илэрхийлснээр өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Маргааш өглөө  чуулга уулзалт “Ази-Европын уялдаа холбоо” салбар хуралдаанаар үргэлжлэх бөгөөд дэд бүтцийн тээвэр ложистикийн уялдаа холбоо, эдийн засгийн коридор, худалдаа, шилжилт хөдөлгөөн, мэдээлэл солилцоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах, нөхөн сэргээх зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Б.Заяа

Холбоотой мэдээ