Бээжинд агаарын чанар сайжирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2021-11-23 13:59:41

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод энэ оны 10 дугаар сард нэг шоо метр агаар дахь “PM2.5” нарийн ширхэгт тоосонцрын дундаж агууламж 25 микрограмм байжээ.


Энэ нь агаарын чанарын үзүүлэлтийг бүртгэн цуглуулж эхэлснээс хойш намар, өвлийн улиралд /10-3 дугаар сар/ бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт болжээ. Мөн энэ оны эхний 10 сарын хугацаанд хотын агаар дахь “PM2.5” тоосонцрын дундаж агууламж 32 микрограмм байсан гэдгийг Бээжин хотын Экологи, байгаль орчны товчооноос мэдээлсэн байна.


Намар, өвлийн улиралд агаарыг бохирдуулагчдын ялгарал нэмэгдэж, цаг уурын таагүй нөхцөл үүсдэг. Иймд 10 дугаар сард Бээжинд агаарын бохирдлыг бууруулахын тулд хөдөлгөөнт эх үүсвэрүүдийн шинэ стандарт, бодлогыг хэрэгжүүлэх, дэгдэмхий органик нэгдлүүдийг тусгайлан цэвэрлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлжээ.


“PM2.5” нь 2.5 микрометрээс жижиг хэмжээтэй тоосонцор бөгөөд эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг. 

Холбоотой мэдээ