С.Сүхболд Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комиссын гишүүнээр ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-11-22 17:35:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс (International Humanitarian Fact-Finding Commission)-ын гишүүнээр 2022-2026 онд ажиллах боллоо.


Тус комиссын гишүүний сонгууль энэ сарын 19-нд Швейцарын Холбооны Улсын Берн хотноо болсон юм. Дээрх комиссын сонгуульд Монгол, Катар, Эмират, Польш, Алжир, ХБНГУ, Чили, Швед, ИБУИНХУ, Аргентин, Португал, Бельги, Коста Рика, Того, Словак, Мадагаскарын төлөөлөгч нэр дэвшсэн бөгөөд С.Сүхболд нийт 58 орноос 55 орны санал авсан байна.


Хүмүүнлэгийн хэргийн үйл баримт цуглуулах олон улсын комисс нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчлийн талаарх мэдээллийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй, 15 гишүүнээс бүрддэг байгууллага юм. Монгол Улсаас ийнхүү анх удаа нэрээ дэвшүүлж сонгогдсоноор зэвсэгт мөргөлдөөний үед олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэм хэмжээг чандлан мөрдүүлэхэд нь улс орнуудыг дэмжих боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ