Оюуны зураглалын хоёрдугаар олимпиадыг “Үй цай” сургууль зохион байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-20 18:42:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны зураглалын хоёрдугаар олимпиад “1924 оны 11-р сарын 26-ны өдөр Монголын түүхнээ” сэдвээр “Үй цай” сургууль дээр  өнөөдөр боллоо.


Тус олимпиад нь Монгол улс Бүгд Найрамдах засаглалыг тунхаглаж, хуульчилсны түүхэн үнэ цэнийг өргөн утгаар танин мэдүүлэх, үндэсний ухамсар, эх оронч үзэл санааг төлөвшүүлж батжуулах зорилгын дор, мэдээллийг задлан шинжлэх, боловсруулалт хийх, санал бодлоо хуваалцах зэргээр хүүхэд залуусын бүтээлч хандлага, сэтгэлгээ болон илтгэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхийг эрхэм болгон зохион байгуулжээ.


Олимпиадад Хөвсгөл, Увс, Өвөрхангай аймаг, нийслэлийн 10-12 дугаар ангийн сурагчид, эцэг эхтэйгээ хамтарсан 11 баг оролцлоо.




“Үй-Цай” сургуулийн түүхийн багш Н.Наранжаргал хэлэхдээ, “Бид өмнө жил оюуны зураглалын анхны олимпиадаа 12 дугаар сарын 29 гэсэн сэдвээр зөвхөн сургууль дотроо цахимаар зохион байгуулж байсан юм. Харин энэ жилийн хувьд илүү өргөн хүрээг хамарч, хөдөө орон нутгаас багууд оролцож улсын хэмжээний гэж хэлж болохуйцаар өргөжлөө. Энэ жил нийт 11 баг оролцож байна. Тусгаар тогтнолын сэдэв эх оронч үзлийг төлөвшүүлэх ач холбогдолтой гэж боддог. Тийм ч утгаараа тусгаар тогтнолтой холбоод авч үзэхээр 12 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 26,  7 дугаар сарын 11, 12 гэх олон өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ олон тэмдэглэлт өдрүүдэд хүмүүс төөрөлдөж, тэр бүр зөв тогтоодоггүй. Тиймээс бидний зохион байгуулж буй олимпиадын гол зорилго нь энэхүү төөрөгдлийг арилгаж, үнэн бодит мэдээллийг хүмүүст ойлгуулахад чиглэж байгаа юм. Жишээлбэл, энэ олон тэмдэглэлт өдрийн учрыг хүүхэд өөрөө олон материалыг нягталж үзээд, гол зүйлсээ зураглан тэмдэглэхээр тухайн хүүхдийн толгойд тэмдэглэлт өдрүүдийн учир, ач холбогдол баттай хоногшин үлдэнэ” хэмээн олимпиадын зорилго чиглэлийг тодорхойлсон юм.




МУБИС-ийн БоСС-ийн Боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн багш, доктор, PhD Р.Намжилдагва, “ЕБ-ын Үй-цай сургууль оюуны зураглалыг сургалтын хэрэглээ болгон ажиллаж байгаа нь Монголын боловсролд дэлхийн түвшний суралцахуйн онол, үзэл баримтлалыг нэвтрүүлж хүүхдийн оюуны сэтгэлгээг бүтээлчээр хөгжүүлж буйгаараа авууштай байлаа. Түүнчлэн энэхүү олимпиад нь гэр бүлийн хүрээнд хамтаараа ярилцан асуудал шийдэх боломж олгож буйгаараа онцлог боллоо" хэмээн олимпиадын ач холбогдлыг тодотгов.


Энэхүү олимпиад нь гурван үе шатаас бүрдэх ба нэгдүгээр үе шатад сэдвийн гол утга санааг тусгасан 5-7 нүүр мэдээлэлтэй багийн гишүүд уншиж танилцаад хамтран оюуны зураглал хийнэ. Үүнээс гадна мэдээлэлтэй танилцахдаа оролцогчид гол утга санааг илэрхийлэх түлхүүр үгийн тэмдэглэгээ хийх юм. Харин хоёрдугаар үе шатад өгөгдсөн сэдвийн гол утга санааг илэрхийлсэн оюуны зураглалаа ашиглан багийн гишүүн сурагч таван минутын илтгэл тавина. Гуравдугаар үе шатад олимпиадын нэгдсэн дүнг танилцуулж шалгарсан оюуны зураглал, илтгэл, багийг танилцуулах байсан юм.

Ийнхүү тус олимпиадын тэргүүн байрт “Үй Цай” сургуулийн 12а ангийн сурагч О.Анужин, дэд байрт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Б.Номиндарь, “Үй Цай” сургуулийн 12а ангийн сурагч О.Буянзаяа, гуравдугаар байрт Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБС-ийн 10б ангийн сурагч Б.Отгонзул, “Үй Цай” сургуулийн 10а ангийн сурагч Г.Уярал, “Үй Цай” сургуулийн 11а ангийн сурагч Г.Хулан нар тус тус шалгарлаа.




Шүүгчээр МУБИС-ийн Боловсролын судалгаа, арга зүйн тэнхимийн багш, доктор, PhD Р.Намжилдагва, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний албаны хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Хандмаа, “Үй-Цай” сургуулийн түүхийн багш Н.Наранжаргал нар ажиллалаа.


Нэмж дурдахад, Оюуны зураглал нь аливаа мэдээлэл, үзэл баримтлал, бодол санааг цэгцлэх арга төдийгүй нарийн төвөгтэй зүйлсийг нүдэнд харагдахуйц дөхөм байдлаар дүрслэх, нүдлэн тогтоох, тайлбарлахад тусалдаг. Хичээл сургалтад төдийгүй, ажил бизнесээ төлөвлөх гээд амьдралын бүхий л салбарт хэрэглэхэд нэн тохиромжтой тул “Оюуны зураглал” -ыг олон улсад ажил хэрэгч хүн бүрийн эзэмших чадварын нэг болон төгсрөн хөгжиж байна.







 

Холбоотой мэдээ