ЭЗБХ: Төрөөс 2022 онд баримтлах мөнгөний бодлогыг эцэслэн хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-16 20:14:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг эцэслэн хэлэлцэв.


Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх төслийн ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч С.Чинзориг хийв. Тэрээр танилцуулгадаа, “Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн санал тус бүрийг төсөлд нэмж тусгасан. Тухайлбал, тогтоолын төслийн 2.1 дэх заалтыг “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх” гэж өөрчлөн найруулсныг төсөлд нэмж тусгалаа. Мөн төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд туссан инфляцын зорилтот түвшнийг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгаж, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт, инфляцын зорилтыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр дэмжин ажиллахыг Монголбанканд тус тус даалгасныг тогтоолын төслийн 3, 4 дүгээр заалтууд болгон нэмж тусгалаа. Түүнчлэн, тогтоолын төсөлд зарим үг, үсгийн болон найруулгын шинжтэй засваруудыг хийсэн болно” гэлээ.


Ажлын багийн танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Т.Доржханд, М.Оюунчимэг нар асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Доржханд, “Цар тахлаас үүдэлтэй хил, гаалийн асуудал богино хугацааны хүндрэл биш гэдэг нь харагдаж байна. Тиймээс инфляцын зорилтоо хангаж чадах эсэх дээр эргэлзэж байна, ямар төсөөлөлтэй байна вэ” хэмээн тодруулав. Мөн ХААН банкны хувийг худалдаж авсан асуудлын талаар тодруулж, хариулт авсан. Гишүүдийн асуултад Монголбанкны удирдлагууд болон тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар хариулав.


Ингээд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.  


Дараа нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцсэнээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ