Ажиллах хүч зуучлагч компанийн хөрөнгийн доод хэмжээг 300 сая төгрөгөөр тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-16 14:49:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Төслийн ажлын баг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй саналын томьёоллыг бэлтгэн хэлэлцсэн талаар Ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мэдээлсэн. Тэрбээр Ажлын багийн хуралдаанаар олонхын саналаар дэмжсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.


Ажлын баг хуулийн төслийн үйлчлэх хүрээ, зохицуулах харилцааг тодорхой болгож, төслийн гуравдугаар зүйлийг шинэчлэн томьёолсон байна.


Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар, тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээдэд тавигдах тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодорхой болгож, хүсэлт гаргагчаас зөвхөн уг шаардлагад нийцсэн баримт бичгийг шаардахаар тусгажээ. Үүнтэй холбоотойгоор урьдчилан зөвшөөрөл олгох процессыг хасах, зуучлуулагчид хохирол учруулсан тохиолдолд хохирлыг барагдуулах санхүүгийн чадавхтай байлгах зорилгоор хуулийн этгээдийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь “100 сая” байсныг “300 сая” болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.


Мөн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах ажилд хязгаар тогтоож болохоор зохицуулсан бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл бүхий зуучлалын ажилд хамаарч, иргэн хувийн журмаар гадаадад зорчих, цагаачлах, ажлаа чөлөөтэй сонгох эрхийг хөндөхгүй юм байна.


Хуулийн үйлчлэх хүрээг тодорхой болгосонтой холбоотойгоор гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын монгол ажилтны хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Мөн гадаад улсад хөдөлмөр эрхэлж байх хугацаанд эрсдэл учирсан тохиолдолд туслалцаа дэмжлэг үзүүлэх зорилгоор Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд хөрөнгө хуваарилахаар тусгасан байна.


Түүнчлэн гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургах гэрээ байгуулан ажиллуулахаар, гадаад ажилтны ажлын байрны төлбөртэй холбоотойгоор боловсрол, шинжлэх ухааны байгууллагад ажиллах эрдэм шинжилгээний ажилтан, багш, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах мэргэжлийн багш, дасгалжуулагч, эмч, эрдэм шинжилгээний ажилтныг авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр, цахим засаглалыг нэвтрүүлэх зорилго, зорилттой уялдуулан хуулийн төслийн хүрээнд олгох тусгай зөвшөөрөл, зөвшөөрлийг үйлчилгээг цахим систем ашиглан үзүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тус тус тусгажээ.


Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан Ажлын багаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Ажлын багаас танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ