Нийслэлийн түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг есөн ажилд зарцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх 420 тэрбум төгрөгийн ажлын задаргааг танилцуулсан тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэв.
Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн хавар баталсантай холбогдуулан Засгийн газрын тогтоол гарч, нийслэлийн автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Ингэснээр, Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах түүхэн шийдвэр гарсан гэдгийг тэрээр мэдээллийн эхэнд тодотгов.
Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх есөн бүлэг ажлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Нэгдүгээрт, автозамын сүлжээн дэх гудамж замуудын 21.5 км замыг өргөтгөн барих ажлыг 2022 оноос эхэлнэ. Тус ажилд 2022-2024 он хүртэл 354 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь түгжрэлийг бууруулах жил бүрийн төсвийн 28 хувийг эзлэх юм.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотод 13.5 км трассын дагуу 499 нэгж талбарын газар чөлөөлөлтөд 169.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь нийт төсвтийн 13 хувийг эзэлнэ.
Гуравдугаарт, Улаанбаатар хотын түгжрэл ихтэй Бага тойруугийн гудамжинд 2300 автомашины төлбөртэй зогсоол барихаар төлөвлөж байна. Энэ ажил 2023 онд эхлэх бөгөөд 13.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Нийт төсвийн нэг хувийг эзлэх юм.
Дөрөвдүгээрт, Уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэх зорилгооро 30 байршилд автозамын инженерчлэл хийнэ. Үүнд 30 тэрбум төгрөг буюу нийт төсвийн хоёр хувийг зарцуулна.
Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг нэвтрүүлнэ. Энэ систем нь автомашины хөдөлгөөнийг бүртгэхийн зэрэгцээ төлбөртэй зогсоолуудтай холбогдоно. Энэ ажилд 43.2 тэрбум төгрөг буюу нийт төсвийн гурван хувийг зарцуулна.
Зургаадугаарт, орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар, нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Энэ ажлыг 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Долоодугаарт, гүүрэн тулгуурт байгууламж бүхий нийтийн тээврийг нэвтрүүлнэ. Үүнд эхний ээлжинд тус ажлын 10 хувийг гүйцэтгэх хөрөнгө буюу 130 тэрбум төгрөг зарцуулна. Үүнийг мөн 420 тэрбум төгрөгийн төсвөөс гадуурх төсвийн хөрөнгөөр гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм. Засгийн газрын хуралдааны үеэр, энэхүү шинэ нийтийн тээврийг нэвтрүүлэх ажлыг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийлжээ.
Наймдугаарт, Богдхан төмөр замын төслийн хүрээнд газар чөлөөлөлтөд 30 тэрбум төгрөгийн эх үүсвэр буюу нийт төсвийн 2 хувийг зарцуулна. үзээд 2 хувьтай тэнцэх ажлын төсөв тавьсан.
Есдүгээрт, иргэдийн явган болон дугуйгаар зорчих боломжийг нээсэн стандарт хангасан зам тавина. Энэ ажилд 4.8 тэрбум төгрөг төсөвлөсөн.
Ташрамд дурдахад, тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээвэр нь гурван трасс байх бөгөөд эхний ээлжинд 13 км урттай 13 буудал бүхий замыг байгуулах юм. Үүнд 500 мянган иргэн зорчих боломжтой. Энэ ажлыг хавар эхлүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулах ажил 85 хувьтай байна. Эхний ээлжин трасс Нисэхийн тойргоос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дамжиж Сансрын тойрог хүртэл явах юм. Харин хоёрдугаар трасс нь Гэгээнтэнгээс төв замаар үргэлжилж Зунжин лагерийн бүс рүү явах аж. Гуравдугаар трасс нь Толгойтоос ГССҮТ, 3,4 дүгээр хорооллоор дайраад, 32-ын тойрог, Шархад гэсэн чиглэлд явах юм. Дээрх трассуудыг 2022 оноос эхэлж 2028 онд дуусгахаар төлөвлөж байна.