НАТО-гийн удирдагчид 4 оронд цэрэг байрлуулахаар тохиролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-09 13:22:11

ВАРШАВ. /NHK/. НАТО-гийн гишүүн орны удирдагчид ОХУ-ын цэргийн нөлөөг тогтоон барих хүчийг бэхжүүлэх зорилгоор Польш болон Балтын тэнгисийн гурван оронд олон улсын цэргийн хүчнийг байрлуулахаар тохиролцсон байна.

НАТО-гийн гишүүн 28 орны удирдагчдын хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалт өчигдөр Польшийн нийслэл Варшав хотноо эхэлжээ.

Удирдагчид ОХУ-ын цэргийн үйл ажиллагаанд хэрхэн хариу арга хэмжээ авах тухай хэлэлцсэн байна. 2014 онд Украины хямрал эхэлсэн цагаас хойш ОХУ-ын цэргийн ажиллагаа идэвхжиж байна гэж НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид үзжээ.

Үүнтэй холбогдуулан тэд ирэх жилээс эхлэн АНУ, Их Британи тэргүүтэй цэргийн дөрвөн нэгжийг Польш, Эстони, Латви, Литва зэрэг улсуудад байрлуулах шийдвэрт хүрчээ.

Мөн тэд ОХУ-ын цэргийн ажиллагаа Хар тэнгист газар авч байгаа тухай дурдаад, Румын болон Болгар дахь олон улсын цэргийн сургалтыг өргөжүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн байна.

Их Британи ЕХ-ноос тусгаарлах болсон нь бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүйд НАТО-гийн гишүүн орнууд сэтгэл түгшиж байгаа энэ үед тус эвслийн гишүүд нэгдмэл байдлаа харуулах зорилгоор ийм шийдвэр гаргаж байна гэж шинжээчид дүгнэжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ