Д.Ганбат: Инфляц нэмэгдэж, валютын ханш алдах зэрэг санхүүгийн эрсдэл их байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч С.Чинзориг танилцууллаа. Тус ажлын багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Цэрэнпунцаг нар ажиллаж байгаа юм. Ажлын баг 2021 оны 10 дугаар сарын 25, 28-нд хуралдаж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаар ахлуулсан Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын дэд багт тодорхой үүрэг, чиглэл өгчээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн гаргасан санал болон УИХ-ын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу тогтоолын төсөлд дараах агуулга бүхий санал нэмж тусгахаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулжээ. Тухайлбал, тогтоолын төслийн 2.1 дэх дэд заалтыг “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, бизнесийн орчин болон эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортыг дэмжсэн, нэмүү өртөг шингээсэн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулж, уг төлөвлөгөөг эдийн засгийн сэргэлт болон өсөлтийн хүртээмжийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх” гэж өөрчлөн найруулах санал гаргажээ.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилгоор тогтоолын төсөлд дараах хоёр заалтыг шинээр нэмэх санал гаргасан байна. Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд туссан инфляцын зорилтот түвшинг хангах хүрээнд төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, цар тахлаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдлыг арилгаж, хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгах; инфляцын зорилтыг хангах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээг макро эдийн засгийн тогтвортой байдал, гадаад дотоод тэнцвэрийг алдагдуулахгүйгээр санхүүжилт бүрдүүлэхэд дэмжин ажиллахыг Монголбанканд даалгах санал гэлээ.
Тогтоолын төслийн 2.7 дахь дэд заалтын ““Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-ний зориулалтыг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр өргөтгөж, зээлдэгчид тавьж байгаа зарим нөхцөл, шаардлагыг сулруулан” гэж тодотгон өөрчлөн найруулах шаардлагатай хэмээн үзсэн байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн виртуал үйлчилгээ үзүүлэгчтэй холбогдсон саналыг тогтоолын төслийн 2.3 дахь дэд заалтад нэмж томьёолсон болохыг ажлын багийн ахлагч танилцуулгадаа дурдлаа. Мөн тус хорооноос “Хөрөнгийн зах зээл болон Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих, төгрөгийн суурь хүүг тогтоох, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасыг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 55 дугаар тогтоолоор баталсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-т нийцүүлэн үнэт цаасны зах зээлд гаргах, цаашид тогтмол арилжаалах” гэсэн санал ирүүлснийг төслийн 2 дахь дэд заалтад шинэ дэд заалт болгон нэмэх санал оруулсан гэв.
Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дээрх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор нэг бүрчлэн хэлэлцэн санал хураан шийдвэрлэсэн байна.
Дараа нь УИХ дахь АН-ын бүлгээс төслийн талаар гаргасан санал дүгнэлтийг Бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. Тэрбээр, Монголбанк цар тахлын хүнд үед тус тогтоолын төслийг өргөн барьж буйг тэмдэглээд, дэлхий нийтээр иргэдийнхээ орлого, эдийн засгаа хамгаалах бодлого хэрэгжүүлж буйг дурдав. Ийм зорилгоор олгосон бэлэн мөнгө нь хөгжингүй орнуудад ДНБ-ний 16.6 хувь, хөгжиж буй орнуудад 5.9 хувийг зарцуулсан байна. Харамсалтай нь, улс орнуудын Засгийн газраас олгосон тэр санхүүжилтийн 40 хувь нь үр дүнгүй зарцуулагдсан байгааг Калифорнийн их сургуулийн судлаачид тодорхойлсон байгааг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцууллаа.
Тэрбээр, "Монгол Улс 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ гадаадын зээл, тусламжаар нэг тэрбум ам.доллар, Эрдэнэт үйлдвэрээс 650 тэрбум, Оюутолгой компаниас нэг их наяд 26.5 тэрбум төгрөгийг авч ашигласан нь дэлхийн дунджаас илүү байна. Тооцоо судалгаагүй бодлогын хохирогч нь Монголын санхүүгийн салбарын 90 орчим хувь нь оногддог банкны салбар болох ёсгүй. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа тухай гоё ганган үг дүүрэн ч бодит байдалд нийцэхгүй байна. Тодруулбал, 10 их наядын төлөвлөгөө анх зарлагдах үед төв банкны үнэт цаас 8.2 их наяд төгрөгийн хэмжээтэй байсан. Хагас жилийн хугацаанд 3.6 их наяд төгрөгийн дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн ч төв банкны үнэт цаасны хэмжээ буураагүй, өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсын нийт ажиллагсдын тоо нэг сая 185 мянга байсан бол 2021 оны хоёрдугаар улиралд нэг сая 105 мянга болж багассан байна. Арилжааны банкны нийт зээлийн үлдэгдэл 2021 оны есдүгээр сарын дүнгээр 20.2 их наяд байгаагийн 50.8 хувь нь иргэдэд оногдож байгаа юм. Тус хорооны тайланд өрхийн өр өсөж ажилгүйдэл нэмэгдэж байгааг харуулсан үзүүлэлт нь цогц төлөвлөгөө үр дүнгээ өгөхгүй байгааг баталж байна.
Монголбанкны үндсэн зорилго нь үнийн тогтвортой байдлыг хангах билээ. Гэтэл инфляц Улаанбаатар хотод 9.9 хувь, улсын хэмжээнд 9.6 хувьд хүрч цаашид ч үргэлжлэн өсөж байгаа юм. Мөнгөний нийлүүлэлт 2021 оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд буюу 20.4 хувиар огцом нэмэгджээ.
Иймд Монголбанкны мөнгөний нийлүүлэлт инфляцид хэрхэн нөлөөлөх тухай судалгаа дутагдалтай байна. Төсвийн орон зай их хэмжээгээр тэлж байгаа нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшид ямар эрсдэл гарч болох тухай тооцоо хийсэнгүй. Төсвийн алдагдал гурван жилийн хугацаанд 10 их наяд төгрөгийг давж 2022 оны хөрөнгийн зардал 5.1 их наядад хүрч төсөвт түүхэнд байгаагүй тэлэлт хийлээ. Энэ нь үнэ өсөх, үндэсний валютын ханш унах, зээлийн хүү нэмэгдэх, зээлжих зэрэглэл буурах зэрэг олон эрсдэлийг бий болгож байна.
Монголбанк банкуудад хяналт тавих ажлаа хангалтгүй хийж байгаа хэд хэдэн жишээ байна. Тухайлбал, Капитал банканд байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөгөө өнөөг хүртэл авч чадаагүй байна. Одоо эрсдэлтэй гэх Чингис хаан банканд Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой 130.7 тэрбум төгрөг, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг, Эрдэнэс тавантолгой компанийн 53 тэрбум, Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум төгрөг байршиж байна.
2021 оны анхны койн нээлтээ хийж олон нийтээс хөрөнгө татсанаас хойш 6-7 койн зах зээлд гараад байна. Өнөөдөр манай улсад виртуал хөрөнгийн зохицуулалттай холбоотой ямар ч хууль, эрх зүйн акт алга. Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, иргэдийн эрх ашгийг тодорхой хэмжээнд хамгаалах, санхүүгийн мэдлэг олгох чиглэлд ажиллахыг анхааруулж байна.
Монголбанкны гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сард 4 тэрбум 900 сая орчим ам.доллар байсан бол өнөөдөр 800 саяар буурсан шалтгааныг тайлбарлах учиртай. Ийм богино хугацаанд нөөц багассанаар, валютын нөөц эрсдэлд орохоор байна. Тиймээс Монголбанк хараат бус бие даасан байдлаа ханган ажиллах нь чухал. Харин Засгийн газрын дохио зангаагаар ажиллаж байгаа энэ байдал үргэлжилбэл, үнэ огцом өсөж, инфляц нэмэгдэх, валютын ханш алдах зэрэг санхүүгийн эрсдэл их байна" хэмээв.
Ажлын багийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүү Б.Энхбаяр, Ч.Ундрам, Ж.Сүхбаатар, Т.Доржханд, Б.Баттөмөр, С.Бямбацогт, Н.Учрал, Т.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар асуулт асууж хариулт авав.
Тухайлбал, Б.Энхбаяр гишүүн дотоодын санхүүгийн зах зээл дэх койны нөхцөл байдлын талаар дурдаж, төрөөс ямар нэг зохицуулалтгүй байгаа энэхүү арилжаанд олон тооны иргэд ихээхэн хэмжээний мөнгөн дүнтэйгээр оролцож байгаа нь өндөр эрсдэл хүлээх магадлалтай байгааг санууллаа. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулан, сурталчилж буй сэрэмжлүүлэг, мэдээллийг хүлээн авахгүй, дээрх төрлийн арилжаанд сайн дураараа оролцон ихээхэн хэмжээний алдагдал хүлээсэн тохиолдолд монгол төрөөс ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгийг онцолж байв. УИХ-ын гишүүн Ч.Ундрам ипотекийн зээл олголтын нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлж, тодорхой асуудлаар тодруулга хийв. 2020 оны аравдугаар сараас хойш Төв банк олгосон ипотекийн зээлийн хүүгээ 8 хувиас 6 хувь болгон бууруулсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 9276 өрхөд 679.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд энэ нь түүхэндээ нэг жилийн хугацаанд гарч буй хамгийн өндөр дүн гэдгийг тэмдэглэв. Харин үүнтэй зэрэгцээд дотоодын үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн бөгөөд өсөлтийн дүнг олон улсын дундажтай харьцуулахад 2 дахин өндөр байгаа аж. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс үүдэн ипотекийн зээлийн хүүгийн бууралт иргэдэд ямар ч үр ашиггүй, өгөөжгүй байгаа, Монголбанк бодлогын ямар ч тохируулга хийгээгүй болохыг шүүмжилсэн. Мөн хугацаа хэтэрсэн чанаргүй зээлийн нөхцөл байдал, хэтийн төлөвийн талаар тодруулж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс хариулт тайлбар авав.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар төсөл дэх инфляцын төсөөлөл өөрчлөгдөх, хоёр оронтой тоо руу орох магадлал бий эсэхийг лавлав. Цар тахал болон түүнээс үүдсэн хил, гаалийн нөхцөл байдал, тээвэр, ложистиктой холбоотойгоор инфляц 9.6 хувьд хүрээд байгаа, оны төгсгөл хүртэл энэ хэвээр үргэлжилнэ гэдэг төсөөллийг холбогдох байгууллагаас тооцоолоод байгаа гэлээ. Инфляц нөхцөл байдлын нөлөөллөөр өссөөр оны эцсээр хоёр оронтой тоо руу орох магадлалтай ч ирэх оны хоёрдугаар хагаст төсөл дэх зорилтот түвшинд орох боломжтой хэмээн тооцоо, судалгааны дүнд төлөвлөсөн болохоо танилцуулсан.
УИХ-ын гишүүн Т.Доржханд банкны салбарыг эрүүлжүүлэх, тогтолцоог зөв болгох зорилготой реформын талаар асууж, нэр бүхий банкуудын талаарх нийгэмд тархаад буй мэдээлэл үнэн эсэхийг тодруулж, Төв банкны ерөнхийлөгчөөс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Б.Баттөмөр гишүүн ФАТФ-ын зөвлөмжийн биелэлтийн талаар тодруулахад, Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт” буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас Монгол Улс гараад жил гаруй хугацаа өнгөрч байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэллээ. Тухайн үед тус байгууллагаас өгсөн техникийн 40 зөвлөмжийн 36 нь хэрэгжсэн, өнгөрсөн нэг жилийн хугацаанд үлдсэн зөвлөмжийн биелэлийн талаарх тайлангаа хүргүүлсэн ч 2 зөвлөмжийн хэрэгжилтийг хангалттай хэмээн үзсэн гэв. Үлдсэн хоёр зөвлөмжийн биелүүлэх чиглэлээр холбогдох зөвлөмжийг хүлээн авч ажиллаж байгаа аж.
2023 онд харилцан үнэлгээний баг Монгол Улсад ажиллах болно гэв. Үүнээс өмнө бэлтгэл ажлуудаа төлөвлөөд ажиллаж байгаа талаарх мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч өгөв. С.Бямбацогт гишүүн койны өнөөгийн нөхцөл байдлын талаар, ирээдүйн эрсдэл, түүнээс үүдэх нийгэм, эдийн засгийн нөлөөллийн талаар тодруулж, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагаас хариулт авав. Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооноос технологид суурилсан санхүүгийн шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэг хэсэг болох койн нь хөрөнгө оруулалтын болон төлбөрийн ямар нэг хэрэгсэл биш гэдгийг, эрх зүйн ямар ч зохицуулалтгүй учраас эрсдэл өндөр гэдэг мэдээллийг нийтэд хүртээмжтэй хэлбэрээр түгээн, таниулах ажлыг хийж байгаа гэв. Койн нь ханшийн савлагаа ихтэй, хөрөнгөөр баталгаажаагүй, бодит үнэ цэнгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан сэрэмжлүүлээд, суурь технологи болох блокчейныг нарийвчлан судалж байгаагаа дуулгав. Н.Учрал гишүүн криптовалют гэх зэрэг технологид суурилсан санхүүгийн шинэ механизм тэргүүтэй шинэ зүйлийг үгүйсгэж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлээд, монгол залуус олон улсын дижитал зах зээлд амжилттай ажиллаж байгааг дурдсан. Харин ФАТФ-аас өгч буй зөвлөмжийн дагуу криптовалютыг бэлэн мөнгө болгож буй үйл явц дээр банк хяналтаа тавих болон бусад зөвлөмжүүдийг биелүүлэхэд анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг тэрбээр хэллээ. Койн эрсдэлтэй гэдгийг иргэд ойлгож байгаа ч шийдвэр гаргаад арилжаанд оролцож байгаа учраас үүдэх эрсдэлд төр хариуцлага хүлээхгүй гэдгийг давтан хэллээ.
Ч.Хүрэлбаатар гишүүн Монгол Улс дахин Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “саарал жагсаалт” буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт, үүнээс муу хувилбар руу орох вий гэдэг болгоомжлол буйгаа хэлж, баримт дурдан сэрэмжлүүлсэн. Үргэлжлүүлэн Ц.Даваасүрэн, Г.Амартүвшин нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авч зарим асуудлаар байр сууриа илэрхийлж байв.
Цахим мөнгөний харилцааны эхний үе нь биткойн байсан бол хоёрдугаар үе нь блокчейн дээр суурилсан, харин гурав дахь үе нь “Central Bank Digital Currency” болж, дэлхийн Төв банкуудын 80 хувь нь судалж байгаа гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн. БНХАУ өвлийн олимпын үеэр цахим юань гаргахаа илэрхийлээд байгаа бол ОХУ цахим рублийн талаарх судалгаагаа хийж, дуусч байгаа. Экспорт, импортын хэтээ бодсон ч ойрын ирээдүйд бусад оронтой цахим мөнгөний харилцаа үүсгэх, холбогдох эрх зүйн орчныг Монгол Улс бүрдүүлсэн байх шаардлага үүснэ гэдгийг тэрбээр тэмдэглэв. “Төр хариуцлага хүлээхгүй” гэдгээ илэрхийлснээр койны нөхцөл байдлыг хяналтгүй орхиж болохгүй гэдгийг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороонд сануулсан. Улсын Их Хурал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хуулийг батлагдан, хэрэгжих хүртэл дахин ямар нэг төрлийн шинэ койн гаргахыг хязгаарлаж, нэг их наяд орчим төгрөгийн арилжаа хийгдсэн гэх мэдээлэл бүхий одоо байгаа койнуудын эрсдэлийг удирдах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.
Ийнхүү гишүүд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж, санал хэлсний дараа зарчмын зөрүүтэй саналын 8 томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.