“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажлыг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг багасгах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.
Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн байна. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1,4-1,9 метр шигдсэн. Урт нь 43,3 м, өргөн нь 8,4 м, өндөр нь 5,7 м, жин нь 309 тн юм.
Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрийн зураг төслөөр хийсэн бөгөөд тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байжээ.
Татан гаргах ажиллагааг ШУТИС-ийн эрдэмтэн, судлаач, цэргийн зөвлөх инженерүүдийн дэлхийн жишигт болон Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан ажил гүйцэтгэх аргачлал буюу технологийн картын дагуу хөлөг онгоцыг нуурын гүехэн хэсэгт ойртуулах, үндсэн байрлалд шилжүүлэх, хөлгийн их бие дэх усыг шавхах, хөвүүлэх, эрэгт байрлуулах гэсэн дарааллаар гүйцэтгэж байгаа аж.
Дарааллын дагуу хөлөг онгоцыг эрэгт байрлуулах ажлыг зохион байгуулж байна. “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаа нь усны гүнд зохион байгуулж байгаа анхны тохиолдол бөгөөд Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийн суурь судалгааг гаргах, татан гаргах ажиллагааны эхлэл юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.