"Монголын эзэнт гүрэн" дижитал танхимын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-26 10:48:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейд XIII зууны үеийн монголчуудын өдөр тутмын амьдрал, аж байдал, аян дайны тухай биет үзмэрийг дэвшилтэт технологиор танилцуулах "Монголын эзэнт гүрэн" дижитал танхимын нээлт өнөөдөр боллоо.


Монголын Үндэсний музей нь үзмэрийг бүх насны хүмүүст ойлгомжтой, сонирхолтой байдлаар үзүүлэх тал дээр анхаарч, үзэгчдийн хүсэл сонирхол дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагаж виртуал, дижитал үзүүллэгүүдийг ихээр сонирхох болсонтой холбогдуулан Монголын эзэнт гүрний танхимын үзмэрүүдийг Зэв дижитал музейн интерактив контенттой хослуулан дэлгэж байна.




Энэ үеэр Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн хэлэхдээ, “Монголын Үндэсний музей бүх цаг үед тандалт судалгаа хийж, түүндээ тохирсон үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Соёлын яамнаас музейн эрх зүйн орчныг боловсронгуй болгож хууль баталсан. Энэ хуулийн үндсэн агуулга нь музей бол хүний хөгжлийн орон зай бөгөөд тэр утгаараа нийгмийн хөгжилд тэргүүлэх үүрэгтэй байдаг. Сүүлийн үед манай музейнүүд дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн олон үйлчилгээ нэвтрүүлхээр зорьж ажиллаж байгаагийн нэг том жишээ нь өнөөдөр Монголын Үндэсний музейд болж байна” гэлээ.




“Монголын эзэнт гүрэн” байнгын үзэсгэлэнгийн танхимд дэглэгдсэн XIII-XIV зууны үеийн хот суурин болон булш оршуулгын дурсгалаас олдсон биет олдворууд дээр тулгуурлан “Мифокс” анимейшн студийн хамт олон 2D, 3D, VR (Virtual Reality), AR (Augmented Reality) зэрэг технологийг ашиглан хийж гүйцэтгэжээ.


Тус үзэсгэлэнд Монголын эртний нийслэл Хархорум хотын дэвсгэр зураг болон малтлагаас олдсон барилгын үлдэгдэл дээр тулгуурлан VR технологийн тусламжтайгаар хотыг сэргээн босгож харуулсан нь үзэгчид тухайн орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх аж.

 Мөн AR технологийг ашиглан монголчуудын эртний гэр сууц, ан авын багаж хэрэгсэл, гоёл чимэглэлийн зүйлс, зэр зэвсэг, адуу малын тоног хэрэгсэл, туг сүлд, гэр тэрэг, зоос мөнгө, барилгын чимэглэлийн холбогдолтой үзмэрүүдийн үүрэг зориулалт, утга бэлгэдэл, түүхэн уламжлал зэрэг мэдээллийг багтаасан дэлгэрэнгүй тайлбарыг сонсон, видео контентыг үзсэнээр Монголын эзэнт гүрний үеийн түүхийн талаарх ойлголтыг сонирхолтой байдлаар авах юм.




Дэлхий нийтэд тархсан цар тахлын энэ хүнд цаг үед үзэгчид, хүн хоорондын зайгаа баримтлан өөрийн гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглан уг үзэсгэлэнг үзэх бүрэн боломжтой юм. Мөн өнөөдөр тус музей өвөл цагийн хуваартаа шилжиж байгаа юм.

Өвлийн цагийн хуваарь:

Мягмар-Ням гараг     09:00-18:00

Тасалбар түгээгүүр   09:00-16:30







Холбоотой мэдээ