Залуу малчдын туршлага солилцох зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-24 12:18:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-т хамрагдан малжуулах төслийн дэмжлэг авсан залуу малчдын туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Тус байгууллагаас энэ онд 22 залуу малчин өрхийг 1191 толгой бог малаар малжуулсан байна. Уулзалтаар өрхийн аж ахуй, мал маллах арга ажиллагаа, амьдрах ухааны сургалт явуулж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгсөн юм.

Залуу малчдад хандан аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ “Зөвхөн их, дээд боловсрол эзэмшсэнээр сайхан амьдардаг гэвэл үгүй. Хэн хөдөлмөрлөж байна, тэр хүн л сайхан амьдарна. Өвөрхангай аймгийн банкин дахь хадгаламжийн нэлээд хувийг малчдын хадгаламж эзэлдэг. Эндээс мал малласнаар хэнээс ч дутахгүй сайхан амьдрах бололцоотойг харж болох юм” гэлээ.

Аймгийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилд 194 сая төгрөгөөр залуу гэр бүлүүдийг малжуулснаар байнгын ажлын байртай, ашиг орлоготой болж, эндээс гурван ч “Аймгийн аварга малчин” төрөн гарчээ.

Холбоотой мэдээ