Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны талаарх эрдэм шинжилгээний хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-25 15:49:15
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хамтын ажиллагааны 60 жил: Цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр ГХЯ-нд боллоо.


Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан тус хурлыг ГХЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран зохион байгуулж буй юм.


Эрдэм шинжилгээний бага хурлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж үг хэлэв.



Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, 60 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын итгэлтэй түнш байж, харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин бэхжиж ирснийг тодотгов. Цаашид ч хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэн тэлэхийг эрмэлзэж буйгаа нотолж, салбар хоорондын харилцан хамаарал өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед эрдэмтэн судлаачдын зөвлөмж, санал санаачилга хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх оновчтой арга замыг тодорхойлох, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад чухал хувь нэмэр болохыг тэмдэглэв. Олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, шинэ боломжуудыг нээхэд судлаачдын оролцоо чухал болохыг онцоллоо.



НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол Улсын олон улсад хүний эрхийн чиглэлээр хийж буй ажил, санаачилгаараа үлгэр жишээ орнуудын нэг болохыг дурдаад, бүс нутагтаа Хүний эрхийг хамгаалагчдын эрхзүйн байдлын тухай хуулийг баталсан анхдагч орнуудын нэг болсныг онцлов. Тэрээр Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа 27.2 хувьд болгон ахиулан тодорхойлсныг тэмдэглэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлтийн асуудлуудад ихээхэн анхаарал хандуулж, манлайлал гаргаж буйд талархал илэрхийлэв.



Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр олон улсын харилцааны эрдэмтэн, судлаач, албаны хүмүүс “Монгол Улс НҮБ-д элссэн түүхэн үйл явц: гадаад, дотоод хүчин зүйлийг нэгтгэн шинжихүй (1946-1961 он)”, “Монгол, НҮБ-ын хамтын ажиллагааны нэгэн жаран, цаашдын чиг хандлага”, “Хүнсний тогтолцоог өөрчлөх нь: Дэлхийн төлөв байдал, Монгол Улсын боломжууд”, “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа ба Монгол Улсын Зэвсэгт хүчин: оролцоо, сорилт, боломж”, “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилт: Монгол ба НҮБ” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Холбоотой мэдээ