ОХУ-д ажлын бус өдрүүдийг зарлахаар болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-10-21 08:53:38

МОСКВА. /RIA Novosti/. ОХУ-д коронавирусний халдварын тархалтын байдлыг тогтворжуулах үүднээс 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-ныг хүртэл ажлын бус өдрүүдийг зарлахаар болсныг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.


ОХУ-д коронавирусний халдварын тохиолдол болон нас баралт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ажлын бус өдрүүдийг зарлах саналыг тус улсын дэд сайд Татьяна Голикова урьд нь гаргасан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саналыг дэмжсэн байна.


"Цар тахлын шинэ давалгааны оргил үеийг дарах нь одоо маш чухал. Үүнтэй холбогдуулан өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7 хүртэл ажилчдын цалин хөлсийг хадгалах замаар орон даяар ажлын бус өдрүүдийг зарлах та бүхний саналыг дэмжиж байна” гэж тэрбээр Засгийн газрын гишүүдтэй лхагав гарагт цахимаар зөвлөлдөх үеэрээ мэдэгджээ.


Өмнө нь энэ оны тавдугаар сарын 1-10-ны өдрүүдэд ОХУ орон даяар ажлын бус өдрүүдийг зарлаж байсан бөгөөд энэ арга хэмжээ зохих үр дүнгээ өгсөн гэж Оросын эрх баригчид үзэж байгаа аж.


ОХУ-д коронавирусний халдвар авсны улмаас мягмар гарагт 1028 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш нэг өдөрт бүртгэгдсэн нас баралтын хамгийн олон тохиолдол болсон байна. Халдвар тархснаас хойш нас барсан хүний тоо 226 353-т хүрчээ. Халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 8 094 825 болсон байна.


Холбоотой мэдээ