Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-20 22:03:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. 


Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав. УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “төрийн залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал, хууль ёсыг дээдэлсэн авлигагүй төрийн алба, төрийн албаны үйлчилгээний чанар хүртээмж”-ийн талаар тусгаж, шинэ үеийн төрийн албаны хөгжлийн чиг баримжааг тодорхойлсон. Түүнчлэн засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ төрийн ашиг сонирхлыг хувийн ашиг сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлага байгааг үндэслэн төрөөс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг батлан мөрдүүлж байна. Гэвч бодит байдал дээр улс төрийн албаны томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргах, томилогдсон улс төрийн албан тушаалтан нь ёс зүй, мэргэжил, ур чадварын хувьд хангалтгүй байх үзэгдэл хэвээр байна. Улс төрийн албанд ямар нэгэн хууль зүйн шаардлага тавихгүй байгаа учир төрийн албанд сүүлийн жилүүдэд хүнд суртал нэмэгдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнд ноцтой доголдол гарах нөхцөл нэмэгдэх боллоо. Энэ байдал даамжирвал нийтийн эрх ашиг, хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн нийгмийг удирдан чиглүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх төрийн чадавх сулрах, иргэдийн төрд итгэх итгэл буурах зэргээр манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх байдал бий болсон учир Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ.


Хуулийн төсөлд тусгасан улс төрийн албан тушаалтанд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг баталснаар төрийн гүйцэтгэх эрх мэдэл, орон нутгийн удирдлагын мэдлэг, ур чадвар, ёс зүйн хариуцлага нэмэгдэх, төрөөс баримталж буй бодлого хэрэгжих бөгөөд иргэд төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг үр дүнтэй болгох, шийдвэр гаргалт, хэрэгжилтийг удирдлагаар хангах, хэрэгжүүлэх зэрэг нийгэмд эерэг үр дүн гарна хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзэж буй аж.  


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийнтөслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Холбоотой мэдээ