ЭХЭМҮТ-д амьсгалын аппарат хүлээлгэн өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-18 21:08:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын Засгийн газраас хандивласан, амьсгалын хоёр аппаратын нэгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн төв /ЭХЭМҮТ/-д өнөөдөр хүлээлгэн өглөө.


Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт коронавирусний халдвар авсан хүүхдүүдийг эмчилж буй учир НЗДТГ-т хандивласан амьсгалын аппаратуудын нэгийг ийнхүү ЭХЭМҮТ-д өгөхөөр шийдвэрлэжээ. 


ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг КОВИД-19-ийн эмчилгээний 40 ор дэлгэн ажиллаж байсан ба эмчлүүлэх шаардлагатай хүүхэд нэмэгдсэнээр дахин 20 ор дэлгэсэн байна. Мөн эрчимт эмчилгээний найман ортой үйл ажиллагаа явуулж байгаа аж




ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа хэлэхдээ, “Сүүлийн 14 хоногт эмчлүүлж байгаа хүүхдийн тоо 10 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа учир тасгийн бүх ор ашиглагдаж байна. НЗДТГ-аас хандивлаж байгаа уг амьсгалын аппарат нь “КОВИД-19”-ийн хүнд хэлбэр, хатгалгааны хүнд хэлбэрийн үед хэрэглэгдэх юм. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг нь улсын хэмжээнд хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг. Хагалгааны дараа, хүнд үедээ байгаа хүүхдэд амьсгалыг нь дэмнэх шаардлага гардаг. Мөн коронавирусээр халдварласан хүүхдүүд хүндэрсэн тохиолдолд амьсгалын аппаратаар уушги орлуулах эмчилгээг олон хоног хийх шаардлагатай байдаг” гэлээ.


Амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, “Нийслэлийн удирдлагууд бүх боломжоороо НЭМГ, дүүргийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Дэлхий нийтэд тархсан цар тахлыг даван туулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэж байгаа, улаан бүст ажиллаж, олон хүүхдийг эмчилж байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтан албан хаагчдадаа талархал илэрхийлье” гэлээ.



Холбоотой мэдээ