УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын гишүүнээс хасав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-18 11:31:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хасах болсон талаар тус бүлгийн дарга Д.Ганбат өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, АН-ын Үндсэн дүрмийн хороо энэ сарын 15-нд хуралдаж, Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг тус намын Үндсэн дүрмийг зөрчсөн хэмээн үзсэн байна. Тиймээс Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг АН-ын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатай хасах шийдвэр гаргажээ. Энэ дагуу  УИХ дахь АН-ын бүлгийн хурал, үйл ажиллагаанд Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг оролцуулахгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Ганбат мэдээлсэн юм.


Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар АН-ын 11 нэр дэвшигч гишүүнээр сонгогдсон. Гэвч АН-ын дүрмийг зөрчсөн хэмээн үзэж Ц.Тувааныг гишүүнчлэлээс хассан гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ сарын 14-нд мэдээлж байсан юм. Харин өнөөдөр Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг хассан шийдвэрийг танилцуулснаар тус намын бүлэг 8 гишүүнтэй боллоо.

Холбоотой мэдээ