БНСУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар вакцины нэмэлт тунд хамрагджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-10-15 10:15:41

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, тэргүүн хатагтай Ким Жун Сок нар эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд өнөө өглөө хамрагдсан талаар Хөх ордон мэдээлэв.


Солонгосын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв олон нийтийн эрүүл мэндийг хамгаалах стратегийн хүрээнд энэ долоо хоногийн эхнээс 60-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнуудыг вакцины нэмэлт тунд хамруулж эхэлсэн юм.


Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар энэхүү удирдамжийн дагуу вакцины гурав дахь тунд хамрагдсан байна. Мүн Жэ Ин энэ оны гурав, дөрөвдүгээр сард “AstraZeneca”-гийн вакцин хийлгэсэн бөгөөд нэмэлтээр “Pfizer”-ийн вакцин тариулжээ.


Өнөөдрийн байдлаар БНСУ-ын хүн амын 78 орчим хувь нь вакцины эхний тунд, 61.6 хувь нь /31.62 сая хүн/ бүрэн тунд хамрагдаад байна. Хүн амын вакцины бүрэн тунд хамрагдсан үзүүлэлт энэ сарын эцсээр 70 хувьд хүрэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ