“Эрүүл эр хүн” дэд хөтөлбөрийг батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-11 12:54:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь 2021 оны урьдчилсан тооллогын дүнгээр 90533 хүн, 22816 өрхтэй болсон ба хүн амын 49.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.  

Судалгаанаас үзэхэд эрүүл мэндийн байгууллагад хандаж буй эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 2.3 дахин бага байна. Мөн эрэгтэйчүүдэд зориулсан эмнэлэг, кабинет, мэргэшсэн эмч орон нутагт байдаггүй тул асуудлаа шийдвэрлэж чадахгүй, сүүлийн жилүүдэд түрүү булчирхайн томролт, шохойжилт, хортой, хоргүй хавдар, бөөрний эмгэг, чулуужилт, үргүйдэл, бэлгийн сулрал зэрэг эмгэг, бусад төрлийн өвчин нэлээд оношлогдож байгаа аж.   

Иймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулан, шаардлагатай тусламж үйлчилгээг орон нутагтаа үзүүлэх замаар зонхилон тохиолдох өвчин эмгэгийг бууруулах зорилгоор Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 63 дугаар тогтоолоор “Эрүүл эр хүн” дэд хөтөлбөр баталжээ.     


Уг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн зөв дадал хэвшил, хандлага бий болж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах санаачилга нэмэгдсэн байна. Мөн тэдэнд зориулсан эрүүл мэндийн цахим сайттай болж, мэдээлэл, зөвлөгөө авах боломж бий болно. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд эрэгтэйчүүдийн (Андрологийн) кабинет байгуулж, өвчин эмгэгийг оношлон эмчилж, үйлчилгээ авах нэгж бий болгоно гэж албаныхан төлөвлөж байгаа юм.     


Энэхүү хөтөлбөрийг Ховд аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан 2021-2024 онд улсын болон байгууллагын дотоод нөөц, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэн хэрэгжүүлэх аж. 

Хөтөлбөрийн хэрэгжилт, гүйцэтгэлийг зохион байгуулах ажлыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хариуцаж ажиллана.     

Одоо Ховд аймагт эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд зонхилон тохиолдох эмгэгийг эмчлэх тусламж үйлчилгээг урологи, андрологийн мэс заслын нэг эмч, бэлгийн замаар дамжих халдварын нэг эмч, дунд мэргэжилтэн нэг гэсэн бүтэцтэйгээр  үзүүлж буй.    

Холбоотой мэдээ