Ихтамир суманд малын шүлхий өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-11 12:00:49

Архангай /МОНЦАМЭ/. Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Нарийн өлөнт хэмээх газар мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарав.

Эрдэнэтолгой багийн Нарийн өлөнт, Их өлөнт, Их мухарын амыг голомтын бүсэд авч, хорио цээрийн дэглэм тогтоон, хяналтын 4 пост ажиллуулж байна.

Эдгээр бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэл, малын гаралтай сүү, цагаан идээ, түүхий эд бүтээгдэхүүн, өвс тэжээлийг зөөвөрлөх, худалдан борлуулах, хүн тээврийн хөдөлгөөн хийхийг хориглов. Мөн бусад багаас ч орох хөдөлгөөнийг хоригложээ.  

Одоогоор дөрвөн айлын 40 үхэр өвчлөөд байна. Голомтын бүсэд 2 малын эмч, нэг ариутгалын машины жолооч ажиллаж байна. 

Аймгаас Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах албаны дарга дарга Ө.Сэр-Одоор ахлуулсан Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтсийн нийт 14 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа тухай Архангай медиа группын Ихтамир суман дахь сурвалжлагч Б.Пүрэвдамба мэдээлэв.


Холбоотой мэдээ