ДЭМБ оны эцэс гэхэд хүн амын 40 хувийг вакцинжуулах зорилт дэвшүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-08 15:08:57

ЖЕНЕВ. /China Daily/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ COVID-19”-ийн вакциныг бага орлоготой орнуудад, тэр дундаа Африкийн орнуудын хүн амд нийлүүлэх ажлыг эн тэргүүнд тавьж, 2021 оны эцэс гэхэд дэлхийн улс орон бүрийн хүн амын 40 хувийг, 2022 оны дунд үе гэхэд 70 хувийг нь вакцинжуулах зорилт дэвшүүлж буйгаа пүрэв гарагт мэдэгдэв.  


“Өнөөдөр ДЭМБ 2022 оны дунд үе гэхэд хүрэх “COVID-19”-ийн вакцинжуулалтын дэлхий дахины стратегийг танилцуулж байна. Үүнд энэ оны эцэс гэхэд улс орон бүрийн хүн амын 40 хувийг, ирэх оны дунд үе гэхэд 70 хувийг вакцинжуулахын төлөө бүгд хамтран хэрэгжүүлэх үйл хэргийг тодорхойллоо” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейеус хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


Түүний хэлснээр, эдгээр зорилтод хүрэхэд наад зах нь 11 тэрбум тун вакцин шаардагдана. Сард 1.5 тэрбум орчим тун үйлдвэрлэж буй одоогийн хурдаар тооцоолбол вакциныг тэгш хуваарилсан тохиолдолд нөөц хүрэлцэнэ. ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий даяар 6.4 тэрбум гаруй тун вакцин тарьж, дэлхийн хүн амын гуравны нэг орчмыг бүрэн вакцинжуулаад байна. Гэвч бага орлоготой орнууд нийт вакцины нэг хүрэхгүй хувийг хүлээн аваад байгаа бөгөөд Африкт хүн амын тав хүрэхгүй хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа юм.


Энэ оны эхээр ДЭМБ есдүгээр сарын эцэс гэхэд бүх улсын хүн амын 10 хувийг вакцинжуулах зорилт дэвшүүлсэн ч 56 улс орон үүнд хүрч чадаагүй юм. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ДЭМБ-ын тэргүүнтэй хамтран дээрх стратегийг боловсруулжээ.


“Вакцины хүртээмж тэгш бус байгаа нь “COVID-19” цар тахлыг улам даамжруулж байна. Улс орнууд вакцинаасаа хуваалцан солилцож, технологийн шилжүүлснээр халдвар тархах, цаашлаад нас барах эрсдэлийг бууруулж, эмнэлгийн ачаалал хэтрэхээс урьдчилан сэргийлж, нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн үргэлжлүүлж, шинэ хувилбарууд үүсэх эрсдэлийг багасгах боломжтой” гэж А.Гутерреш цохон тэмдэглэжээ.


Мөн НҮБ-ын тэргүүн энэ сарын сүүлээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулах “Хорийн бүлэг”-ээс дэмжлэг хүсээд, “Энэхүү стратегийг бодит болгохыг төлөө нөөц бололцоогоо дайчлахыг дэлхий дахинд уриалж байна” гэв. 

Холбоотой мэдээ