Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS системийг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-10-08 08:41:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийн өнөөгийн байдал” олон улсын семинарын үеэр ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийг хүлээн авав.


Семинарыг ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон бусад олон улсын байгууллага хамтран зохион байгууллаа.


Монгол Улс 2012 оноос хойш мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх хүрээнд малыг ялган тэмдэглэх тогтолцоо бий болгохоор малыг ээмэгжүүлж, бүртгэж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 3 сая гаруй малыг тус системд бүртгэж, холбогдох мэдээллийн санд хадгалсан байна. Гэсэн ч манай улсын нүүдлийн мал аж ахуйн тогтолцоонд малын бүртгэлийн системийг хэрхэн нэвтрүүлэх нь шийдвэл зохих тулгамдсан асуудал байсаар байна.


Иймд ХХААХҮЯ-наас олон улсын байгууллагад хандаж, хамтран шийдэх санаачилгыг 2017-2018 онд хэрэгжүүлснээр 2019 оноос ДХБ-ын Стандарт ба Худалдааны Хөгжлийн Байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн “Малыг Ялган тэмдэглэх, Бүртгэлжүүлэх Систем (МЯТБС)”-ийг сайжруулах туршилтын төслийг хэрэгжүүлж иржээ.


Төслийн хүрээнд 2019-2020 онд системийн програм хангамжийг шинэчлэн сайжруулж, хөдөө орон нутгийн нөхцөлд туршилт явуулж, холбогдох дүгнэлт гаргалаа. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Уянга, Гучин-Ус, Баянгол сумын малыг бүртгэж, мэдээллийн нэгдсэн санд хадгалав. Мөн төслийн зөвлөх Францын Мал аж ахуйн хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотой “Малын генетик нөөцийн үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх журам”, “Мал бүртгэх журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулжээ.


Энэ төсөл нь мал ялган тэмдэглэх, бүртгэх үйл ажиллагааны холбогдох дүрэм, журмыг шинэчлэн сайжруулах, програм хангамж-системийг дахин хөгжүүлэх, Өвөрхангай аймгийн 4 сумын 190 мянган малыг ялган тэмдэглэж, бүртгээд мэдээллийн сан бүрдүүлэх, стандарт үйл ажиллагааг турших, улсын хэмжээнд шаардлагатай бэлтгэл хангах туршилтыг хэрэгжүүлэх зорилготойг ХХААХҮЯ мэдээлэв. 

Холбоотой мэдээ