Голландын мөрдөн байцаагчид “MH17”-гийн ослыг шалгахаар Москвад иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-06 10:09:26

МОСКВА. /TASS/. Олон улсын Эрүүгийн мөрдөн шалгах хамтарсан багийн төлөөлөгчид 2014 оны долдугаар сард Украины зүүн нутгийн Донецк мужид сүйрсэн “MH17” дугаартай нислэг үйлдэж явсан "Боинг" нисэх онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагааны талаарх асуудлыг хэлэлцэхээр Москва хотод ирлээ гэж Голландын прокурорын хэвлэлийн төлөөлөгч Вим де Бруин мэдэгдэв.

Түүний мэдээлснээр, мөрдөн байцаагчид, прокурорууд, цагдаа нараас бүрдэх төлөөлөгчид Москвад хоёр өдөр байх хугацаандаа “МН17” дугаартай нислэг үйлдэж байсан нисэх онгоцны сүйрлийн шалтгааныг мөрдөн шалгах явцыг хэлэлцэнэ.

Ноён де Бруин төлөөлөгчид яг хэнтэй уулзаж, ямар түвшний уулзалт хийх талаар мэдээлэл өгөхөөс татгалзаад, “энэ бол хэвлэлийнхэнд зориулсан мэдээлэл биш бөгөөд би энэ айлчлалын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчидтэй уулзахаар төлөвлөгөөгүй” гэсэн байна.

Австрали, Бельги, Малайз, Нидерланд, Украины шинжээчдээс бүрдэх Олон улсын эрүүгийн мөрдөн шалгах багийг Голландын Үндэсний прокурорын газар удирдаж байгаа бөгөөд уг багийн гол зорилго бол “МН17”-гийн сүйрэлд хэн буруутай болохыг тодорхойлох явдал юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ