Олимпын нээлтийн үеэр Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг цуцалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМРИО-ДЕ-ЖАНЕЙРО. //NHK/. “Рио-2016” Олимпын наадмын нээлтийн үеэр Хирошимагийн атомын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минутын турш чимээгүй зогсох арга хэмжээг зохион байгуулах ёстой байсан боловч энэ нь АНУ-ыг буруутгасан агуулгатайгаар ойлгогдож магадгүй гэсэн үүднээс уг арга хэмжээг цуцалсан байна.
АНУ 1945 оны наймдугаар сарын 6-ны 08:15 цагт Хирошимад атомын бөмбөг хаясан юм. Атомын бөмбөгдөлтийн гамшгаас хойш 71 жил өнгөрснийг нэхэн дурсах арга хэмжээ нь Рио-Де-Жанейро хотод наймдугаар сарын 5-ны 20:00 цагт эхлэх Олимпын наадмын нээлтийн ажиллагаатай давхцаж байгаа юм.
Нээлтийн арга хэмжээний ерөнхий найруулагч Фернандо Мейреллес хэлэхдээ, 20:15 цагт нэг минут чимээгүй зогсч, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд дэлхийн даяараа оролцохыг хүссэн байна.
Гэвч “Рио-2016” наадмыг зохион байгуулах хороо энэ арга хэмжээг нээлтийн ажиллагаанаас хасах шийдвэр гаргажээ. Улс төрийн болон бусад шалтгаанаар ямар нэгэн улс орон, хувь хүнийг ялгаварлах нь Олимпын наадмын үзэл санаанд нийцэхгүй гэж тус хороо мэдэгдэлдээ дурджээ.
Хирошимагийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэн нэг минут чимээгүй зогсох нь улс төрийн зорилготой мессеж болж магадгүй гэж тус хороо болгоомжилж байгаа аж.
Д.Нямтулга