Япон улс кибер аюулгүй байдлын шинэ стратеги баталлаа

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-09-28 12:49:42

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар кибер аюулгүй байдлын гурван жилийн шинэ стратегиа албан ёсоор баталлаа. Баримт бичгийг кибер аюулгүй байдлын төв штабын цахим хуудсанд нийтэлжээ.


Уг баримт бичигт ОХУ, БНХАУ болон БНАСАУ-ыг кибер аюулгүй байдалд ноцтой нөлөөлж болзошгүй орнуудын хувиар анх удаар дурдсан байна.  


“Аюулгүй байдлын баталгаатай холбоотой хүрээ өргөжин тэлсээр байна. Сансар огторгуй, кибер орон зайн аюулгүй байдлын ач холбогдол улам бүр нэмэгдэж, Японы эргэн тойрон дахь аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал улам бүр хүндэрч байна. Хятад, Орос, Умард Солонгос кибер орон зайд өөрсдийн чадавхыг бэхжүүлж байна гэж үзэж байгаа бөгөөд дэлхийн дэг журам улам бүр алдагдсаар байна” гэж Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу Токио хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэжээ.


Түүний хэлснээр, Япон улс шинэ стратегид тулгуурлан гадаадын хакеруудын дайралтыг эсэргүүцэх чадвараа нэмэгдүүлнэ.


Уг баримт бичигт, Хятад улс цэргийн болон бусад дэвшилтэт технологийг олж авах, харин Орос улс бусад улс орнуудад цэрэг, улс төрийн ашигтай зорилгодоо хүрэх зорилгоор кибер халдлага үйлддэг гэж дурджээ. Кибер чадавхаа бэхжүүлэхийн тулд Япон улс Аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээнд оролцогч орнуудтай /Австрали, Энэтхэг, АНУ/ нягт хамтран ажиллахаар төлөвлөж байна гэж шинэ стратегид онцлон тэмдэглэсэн байна.


Японд жил бүр компьютерын янз бүрийн сүлжээ, системд хууль бусаар нэвтрэх гэсэн 4000 гаруй оролдлого бүртгэгддэг байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд “NEC”, “Mitsubishi Electric” зэрэг томоохон корпорацууд кибер гэмт хэргийн золиос болжээ.


Холбоотой мэдээ