Б.Жонсон шатахууны хямралыг зохицуулахад цэргүүдийг дайчлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-09-27 12:23:52

ЛОНДОН. /Financial Times/. Их Британид жолооч нар шатахуун нөөцөлснөөс шалтгаалан шатахуун түгээх станцуудын тэн хагас орчмын нөөц дуусаад байгаатай холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон олон зуун цэргийг дайчлахаар төлөвлөж байна.


Тэрбээр өнөөдөр ачааны тэрэгний жолооч нарын хүрэлцээ багассанаас үүдэлтэй шатахууны нөөц тасалдсан асуудлын талаар сайд, төлөөлөгч нартай хэлэлцэх бөгөөд цэргүүдээр ачааны тэрэг жолоодуулахаар төлөвлөж байгаа ажээ. 


Засгийн газрын нэгэн төлөөлөгч мэдээлснээр, "Англи дахь нөхцөл байдал нэлээд хүнд байна”. Иргэд шатахуун их хэмжээгээр нөөцөлсний улмаас баасан гарагт үнэ нь хэвийн түвшнээс 180 хувиар өссөн гэж засаг захиргааны өөр нэгэн төлөөлөгч мэдээлсэн байна. 


Шатахуун худалдаалагчдын холбооны тэргүүн Брайан Мэддерсон ням гарагт гишүүдийнхээ дунд явуулсан судалгааны дүнг эш татан мэдээлснээр, бие даан үйл ажиллагаа явуулдаг станцуудын 50-85 хувийнх нь нөөц дууссан байна.


Засгийн газрын хувьд эрчим хүчний салбарынхныг 1998 онд батлагдсан Өрсөлдөөний тухай хуулиас түр чөлөөлж буйгаа ням гаргийн орой мэдэгдсэн юм. Ингэснээр компаниудад өөр хоорондоо мэдээлэл солилцож, эрэлт хамгийн их байгаа бүс нутгуудийг эн тэргүүнд тавихыг зөвшөөрчээ.


Их Британид ойролцоогоор 8000 шатахуун түгээх станц байдгийн дийлэнхийг бие даан үйл ажиллагаа явуулдаг жижиглэн худалдаачид эзэмшдэг бөгөөд тэдний зарим нь нефтийн том компаниудын брэндийг франчайзингийн гэрээгээр дамжуулан ашигладаг ажээ.


Financial Times” сонинд Б.Мэддерсоны мэдээлснээр, одоогоор үүсээд буй богино хугацааны асуудал нь “шатахуун нөөцөлснөөс” үүдэлтэй боловч үндсэн шалтгаан нь Засгийн газар ачааны тэрэгний жолооч нарын асуудалд хойрго хандсантай холбоотой байна.


Тийнхүү бямба гарагт эрх баригчид ложистикийн салбарт үүсээд буй ажиллах хүчний хомсдолыг зохицуулахын тулд гадаадын ачааны машины 5000 жолоочид түр виз олгоно гэдгээ мэдэгджээ.


Тээврийн сайд Грант Шэппсийн хувьд, улсын зургаан боловсруулах үйлдвэр, 47 хадгалах байгууламжид шатахуун хангалттай байгааг мэдэгдээд, “ухаалаг” байхыг иргэддээ уриалсан байна. 

Холбоотой мэдээ