БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээврийг эхлүүлэх талаар санал солилцлоо

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-09-24 15:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүн Б.Баттөмөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг өнөөдөр хүлээн авч уулзав.


БНЭУ нь Монгол Улсын стратегийн түнш, оюун санааны хөрш мөн гэдгийг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр уулзалтын эхэнд дурдаад, хоёр талын найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, соёл, аж үйлдвэр зэрэг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын эрчимтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцоллоо.


Хоёр улс цар тахлын үед ч идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов. БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг энэ оны наймдугаар сарын 30-нд Монгол Улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ.


Мөн талууд хоёр улсын Стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Мөн БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээврийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.


Хоёр улсын боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнөж байна. Тухайлбал, БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд А.Б.Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, холбоо, аутсорсингийн төв болон Монгол, Энэтхэгийн хамтарсан найрамдалт дунд сургууль байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжиж эхэлсэн. Цаашид Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтарсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа талууд илэрхийлсэн юм.


Үргэлжлүүлэн талууд бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах талаар болон батлан хамгаалах, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцаж, саналаа солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ