Автобусны буудлуудад хөөстэй цэвэрлэгээ, ариутгал хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-23 16:22:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Халдварын тархалт нэмэгдэх үеэр буюу дөрөвдүгээр сараас 6 дугаар сарын 30-ныг хүртэл хийсэн автобусны буудлын хөөстэй угаалга, ариутгалын ажил энэ сарын 1-нээс дахин эхэлсэн юм.


Тодруулбал, хичээл сургууль эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэж буйтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд автобусны буудлуудад ариутгал, цэвэрлэгээ хийнэ. “КОВИД-19” цар тахалтай холбоотойгоор нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайд ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд өгсөн.


Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудад хөөстэй угаалга, цэвэрлэгээ хийж байна.




Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргал, “Нийслэлд байдаг 1000 гаруй автобусны буудалд судалгаа хийн, хүн олноор зорчдог, хөдөлгөөн ихтэй 329 автобусны буудлыг сонгон, цэвэрлэж байна. Үүнд мэдээж хотын төв, хотын зах, гэр хорооллын бүс нутгууд дахь автобусны буудлууд багтсан. Цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж буй байгууллагууд есдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 4-5 удаагийн давтамжтайгаар, давхардсан тоогоор 1426 автобусны буудлыг цэвэрлээд байна” хэмээв.


Нийслэлийн зургаан дүүргийн 329 автобусны буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа бөгөөд тус компаниуд өдөрт 10-25 автобусны буудал цэвэрлэх нормтой. Мөн ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн, Монгол Улсад хэрэглэж болох зориулалтын цэвэрлэгээ, ариутгалын бодисыг хэрэглэдэг бөгөөд хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй талаар албаны хүн онцоллоо.

 

Холбоотой мэдээ