Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах асуудлаар Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-09-21 12:57:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, БШУЯ болон ХААИС, ШУТИС, АШУҮИС-ийн удирдлагууд Дархан-Уул аймагт ажиллаж байна.

 

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь төрийн өмчийн их сургуулиудыг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг асуудлаар яамны болон их сургуулиудын удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзаж, ярилцлаа.

 

Дархан-Уул аймаг дахь ШУТИС 3000, ХААИС 2000, АШУҮИС 2000 оюутныг бүрэн хүчин чадлаараа ашиглах боломжтой. Гэвч өнөөдрийн байдлаар ШУТИС 1102, ХААИС 444, АШУҮИС 879 оюутантай байна. Иймд хичээлийн байрын хүчин чадал, нөөц боломжид суурилан одоогийн суралцагчдын тоог 2-3 дахин нэмэх бүрэн боломжтой юм.

 

Аймагт их сургуулийн хотхон байгуулахтай холбогдуулан оюутнуудад зориулсан сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хөтөлбөр, орон нутагт ажиллах багш, ажилтанд тэтгэмж, орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ гэдгийг дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал их сургуулиудын хотхон байгуулах асуудлыг дэмжиж, орон нутгаас шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээ хэлэв.


Холбоотой мэдээ