АН-ын бүлэг аймгийн Засаг дарга Д.Бауыржанд албан шаардлага хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-20 23:14:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржанд албан шаардлага хүргүүллээ.

Шаардлагыг бүлгийг төлөөлөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Жандос, Х.Мүпти, З.Жолаушыбай, Т.Худайберген, М.Мирас нар гардуулж өгсөн байна.

Сөрөг хүчин албан шаардлагадаа:

"1.Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон ЗДТГ-ын дарга, Боловсролын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Хөгжимт драмын театрын дарга, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга зэрэг төрийн захиргааны болон үйлчилгээний 12 удирдах тушаалтныг томилсон шийдвэрээ хүчингүй болгох;

2.Холбогдох хууль тогтоомжийг зөрчин батлагдсан бүтцээс илүү орон тоонд ажиллаж байгаа аймгийн Засаг даргын орлогч, зөвлөх, Боловсролын газрын даргын орлогч нарыг чөлөөлөх;

3.Толбо сумын Засаг дарга Н.Еркежаныг ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгох, АН ялалт байгуулсан сумдын удирдлагуудад улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй байх;

4.Дээр дурдсан удирдах ажилтны ажлын байрны орон тоонд  хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулалт зарлах;

5.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүст олгоогүй эм тарианы зардлыг нөхөж олгох, хууль бусаар зарцуулсан эм тарианы мөнгийг улсын төсөвт нөхөн төлүүлэх;

6.Аймгийн Онцгой комисст иргэн, аж ахуй нэгжүүдээс хандивласан хандив, тусламжийн зарцуулалтыг олон нийтэд тайлагнах;

7.Цар тахлын үед иргэд, бизнес эрхлэгчдэд төрийн зүгээс ирж буй дарамт, шахалтыг багасгах, эдийн засгийг сэргээх тодорхой бодлого боловсруулан танилцуулах"-ыг шаарджээ.  

Хэрвээ албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Засаг даргыг огцруулах саналыг Төрийн албаны зөвлөл, аймгийн ИТХ-д гаргахаа илэрхийлсэн байна.  

Холбоотой мэдээ