Хилийн боомтуудад ачаа эргэлтийг түргэсгэх асуудалд анхаарал тавихаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-09-16 18:17:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 16-17-нд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцож байна.


Энэ үеэр тэрбээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд КОВИД-19 цар тахын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав. 


Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын цар тахалтай тэмцэхэд БНХАУ-аас олгосон вакцины дэмжлэг ихээхэн тус болсныг онцлоод, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг сайжруулах, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулахад анхаарал хандуулахыг хүсэв. 


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын цар тахлыг даван туулах хүч чармайлтад БНХАУ цаашид  ч вакцин болон санхүүгийн дэмжлэг олгоход бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд Хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал тавихаа илэрхийлэв. Түүнчлэн талууд ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.


Энэ онд ШХАБ-ын 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.

Холбоотой мэдээ