Хэт өндөр цалинтнуудын авсан мөнгийг буцаан төлүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-07-04 11:43:25

ТЕГЕРАН. /TASS/. Хэт өндөр цалин хөлс авдаг албан тушаалтнуудад олгосон мөнгийг төрийн санд буцаан хурааж авах кампанит ажил Иранд ид өрнөж байна. Энэ тухай тус улсын шүүх засаглалын төлөөлөгч Мохсени Эжжеи мэдэгдэв.

Түүний ярьснаар, Үндэсний хөгжлийн сангийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан дөрвөн хүн 1 тэрбум туман /285 мянган доллар/-ыг улсад буцаан төлсөн байна. Тус зөвлөлд байсан тавдахь хүн гадаадад яваа учраас түүнийг эх орондоо ирэнгүүт нь хууль бусаар авсан мөнгийг нь буцаан төлүүлэх аж.

М.Эжжеи цааш нь мэдэгдэхдээ “төрийн албан тушаалтнуудад үндэслэлгүйгээр хэт өндөр цалин, шагнал урамшуулал олгодог байдлыг эцэс болгохын тулд Ираны хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалынхан эрс шийдвэртэй тэмцэнэ” гэлээ. 

Саяхан Ираны Төрийн өмчийн хороо хэт өндөр цалинтай 900 албан тушаалтны нэрсийн жагсаалтыг гаргажээ. Тэдний дотор Газрын тосны яаманд ажилладаг 50 хүн байна.

Төрийн байгууллага, төрийн өмчит компаниудын албан тушаалтнууд, менежерүүд хэт өндөр цалинг авч байгааг таслан зогсоох кампанит ажлыг Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи өнгөрсөн долоо хоногт санаачлан эхлүүлсэн аж. Төрийн өмчийн компани, банкуудын захирлууд “толгой эргэм өндөр цалин” авч байгаа тухай мэдээлэл Ираны хэвлэлүүдэд гарсны дараа аятолла Хаменеи Ерөнхийлөгч Хасан Рухани-д хандан “энэ асуудлыг учрыг олж, ард олонд тайлагнахыг” үүрэг болгосон байна.

Үүний мөрөөр шалгалт явуулсны дүнд төрийн эзэмшлийн дөрвөн том банкны захирлуудыг огцруулсан бол Үндэсний хөгжлийн сангийн удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө засгийн газрын хуралдаанаас гаргажээ.  

Төрийн өмчийн компани, банкууд болон яамдын удирдах тушаалтнууд “ичих нүүрээ алдаж” сард 40-60 сая туманы/11,5-17 мянган доллар/ цалин урамшуулал хүртэж байгаа нь зүйд нийцэхгүй гэж Ираны хэвлэлүүд бичиж байна. Тус улсад дундаж цалингийн хэмжээ 400 доллар ажээ. 

Х.Сарнай

 

 




 

Холбоотой мэдээ