“Талибан” эмэгтэй оюутнуудад зориулсан шинэ дүрэм журам танилцуулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-09-13 09:36:10

КАБУЛ. /BBC/. Афганистаны их сургуулиудыг оюутнуудыг хүйсээр нь тусгаарлаж, хувцаслалтын шинэ дүрэм нэвтрүүлнэ гэж “Талибан” хөдөлгөөн мэдэгджээ.


Дээд боловсролын сайд Абдул Баки Хакканигийн мэдээлснээр, эмэгтэйчүүдэд их сургуульд сурахыг зөвшөөрөх боловч эрэгтэйчүүдтэй зэрэгцэн сууж суралцахыг хориглоно. Мөн оюутнуудад заах хичээлийг хянан нягтлах ажээ. 


Афганистан 1996-2001 онд талибуудын хяналтад байх үед охид, эмэгтэйчүүдийг сургууль, их сургуульд суралцахыг хориглож байсан юм.


“Талибан” эмэгтэйчүүдийн сурах, ажил эрхлэх эрхийг хязгаарлахгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Гэвч тэд наймдугаар сарын 15-нд засгийн эрхийг авснаасаа хойш эмнэлгийн байгууллагаас бусад салбарт ажилладаг эмэгтэйчүүдээс аюулгүй байдлын нөхцөл байдал сайжрах хүртэл ажилдаа явахгүй байхыг хүсжээ.


Талибууд өөрсдийн далбаагаа ерөнхийлөгчийн ордны дээр залснаар засаг захиргаа нь төрийн үйл хэргээ эхлүүлснийг илэрхийлэн харуулснаас нэг хоногийн дараа буюу ням гарагт дээд боловсролын бодлогын тухай энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Тэд засгийн эрхийг авснаас хойш сар орчмын хугацаа өнгөрч буй юм.


Энэхүү бодлого нь талибууд хяналтаа тогтоохоос өмнөх үеийн сургалтын дэглэмд эрс өөрчлөлтийг оруулах юм. Тухайлбал, эмэгтэй оюутнуудаас хувцаслалтын дүрэм баримтлахыг шаарддаггүй байснаас гадна их сургуулийн эрэгтэй, эмэгтэй оюутнууд зэрэгцэн суралцаж байсан юм.


Харин А.Хакканигийн хувьд эдгээр өөрчлөлтийн тухайд харамсахгүй байгаагаа илэрхийлээд, “Холимог боловсролын системийг эцэслэхэд бидэнд ямар ч асуудал байхгүй. Исламын шашинтнууд үүнийг хүлээн зөвшөөрөх болно” хэмээн мэдэгдсэн байна.


Их сургуулиуд ангиудыг тусгаарлах нөөц бололцоо дутмаг тул шинэ дүрэм журам эмэгтэйчүүдийн сурах эрхийг хязгаарлаж болзошгүй ажээ. Гэвч А.Хаккани хичээл эмэгтэй багш нар хангалттай байгааг онцлоод, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд өөр арга замыг эрэлхийлэх боломжтой гэж хэлжээ.


Тэрбээр, “Энэ бүхэн их сургуулийн хүчин чадлаас хамаарна. Мөн эрэгтэй багш нарыг хөшигний цаанаас юм уу технологийн тусламжтайгаар хичээл заах нөхцөлийг бүрдүүлэх боломж бий” хэмээн хэлсэн байна. Мөн бага, дунд сургуулиудад охид, хөвгүүдийг тусгаарлан суралцуулах бөгөөд нь энэ нь Афганистанд хэдийнээ нийтлэг болсон юм. Эмэгтэйчүүд хижаб өмсөх шаардлагатай гэдгийг А.Хаккани мэдэгдсэн боловч заавал нүүрээ халхлах ёстой эсэхийг тодорхой дурдаагүй байна.   


Мөн Дээд боловсролын сайдаар томилогдоод удаагүй байгаа тэрбээр их сургуулиудад заах хичээлийг хянан нягтална гэдгийг мэдэгджээ. Түүний хэлснээр, “Талибан” исламын шашин хийгээд үндэсний болон түүхэн үнэ цэнэд нийцсэн, бусад улс орнуудтай өрсөлдөх чадвар бүхий оновчтой, исламын сургалтын хөтөлбөрийг бий болгох хүсэлтэй байгаа ажээ.


Кабул хотод “Талибан”-ы хүйсийн талаарх бодлогыг дэмжигч эмэгтэйчүүд жагсаал өрнүүлсний дараа энэхүү мэдэгдэл гарчээ. Тодруулбал, никаб буюу зөвхөн нүдээ ил гаргасан хар өнгийн өмсгөл өмссөн олон зуун эмэгтэй, талибуудын жижиг далбааг барин шинэ дэглэмийг сайшаасан илтгэлүүдийг сонсож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардан орон даяар жагсагчдыг шүүмжилсэн байна.


Талибуудыг 2001 онд засгийн эрхээс буулгаснаас хойш Афганистанд боловсрол, бичиг үсэг тайлагдалтын түвшинд, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн дунд үлэмж ахиц дэвшил гарчээ. Тухайлбал, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас саяхан танилцуулсан тайланд дурдсанаар, 2001 оноос хойших 17 жилд бага сургуульд суралцах охидын тоо бараг тэгээс 2.5 саяд хүрч нэмэгджээ. Мөн эмэгтэйчүүдийн бичиг үсэг тайлагдалтын түвшин 10 жилийн дотор ойролцоогоор хоёр дахин нэмэгдэж, 30 хувьд хүрсэн байна. 

Холбоотой мэдээ