Б.Бадамдорж: Ажилдаа дадах тусам ажил ч, дэр мод ч хөнгөрөх шиг санагддаг

УБТЗ ӨНӨӨДӨР
khandmaa@montsame.gov.mn
2021-09-09 12:09:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эр цэргийн алба хаагаад ирсэн залууд эр бяр, ид хав амтагддаг биз ээ. Бямбацэрэнгийн Бадамдорж цэргээс ирсний дараахан чадал чансаа, зориг зүрхээ сорих ажил хийх сэн гэж бодох болж.

         Тэднийх Архангай аймгийн Тариат сумаас нүүн ирж, Баян зөрлөгийн орчим нутаглаж асан үе. Түүнд төмөр зам, төмөр замчид гэдэг мэдэхгүй ертөнц. малаа хариулах зуураа Зил-130 машины тэвшин дээр дуулалдан явах шар хантаазтай залуус зорьсон газраа ирмэгцээ бүгд дэрхийтэл бууцгааж, ажлын багаж зэвсгээ буулган зам руу гарч, төдөлгүй дэр мод суга суга татан замын хажуу руу шидлэн, шинийг зөөж солихтой хааяа таарна. Тэдний дэр мод мөрлөх нь бахтай. эндээс л замчин болохсон гэж бодол лавшрав. Заримдаа “гал командад ажилд орж, дүрэлзсэн гал дундаас хүний алтан амь аврах гал сөнөөгч болчихвол сайхан даа” ч гэх бодол зурсхийнэ. Идэр залуугийн цээжинд ийм хоёр хүсэл мөрөөдөл “чихэлдэх” ч хэрхэхээ эс шийдэж, хоёр өргөдөл нэгэн зэрэг бичиж өгчихөөд хувь заяа түүнийг хааш нь хөтлөхийг хүлээн суусан нь 2003 он. Хувь заяа нь түүнийг удаан хүлээлгэсэнгүй Баян зөрлөг дэх замын II ангийн аравдугаар хэсгийн тухайн үеийн бригадын дарга Т.Буянтогтохын “Чи замчин болох уу?” гэсэн асуултаар бүх эргэлзээ нь тайлагдаж, сэтгэл шулууджээ.

         Б.Бадамдорж “Саяхан л замчин болж байсан санагдах юм. Гэтэл 18 жил сум шиг харван өнгөрчээ. Намайг нэгэн насны минь ажил мэргэжилтэй холбож өгсөн ачтан бол манай мастер Т.Буянтогтох. Харин замчны ажилд дагалдуулж сургасан багш минь ахлах замчин Н.Энхбаяр. Замчин болсон анхны өдрөө энэ ажлыг зөвхөн бяртай хүн хийдэггүй юм байна гэдгийг утгаар нь мэдэрч байлаа. Би анх долдугаар сард зуны их ажил оволзсон үед орсныг ч хэлэх үү, гэхдээ шантраагүй ээ. Олон аавын хүү хийж чадаж байхад би яагаад чадахгүй гэж хэмээн өөрийгөө зоригжуулсан. Яваа яваандаа ажилдаа дадах тусам ажил ч, дэр мод ч хөнгөрөөд байх шиг санагддаг юм билээ” хэмээгээд инээв.

        Тэрбээр, тус хэсэгтээ сүүлийн зургаан жилд ахлах замчнаар ажиллаж байгаа юм. Өнгөрсөн он бол түүний хувьд од хийморь гийсэн жил байж. Учир нь, ангийн хөдөлмөрийн аварга хийгээд “замын мэргэжлийн аварга” гэх хүндтэй шагналуудыг давхар хүртсэн жил байв. Түүнийг төмөр замд “урьсан” тухайн үеийн бригадын дарга нь өнөөдөр замын хэмжээнд нэр цохогдох туршлагатай мастеруудын нэг мэргэжлийн хошой аварга Т.Буянтогтох билээ.

        Мастер нь түүний тухай “анх Бадамдоржийг ааш зан сайтай, ажилсаг, юманд сэтгэлээсээ ханддаг хүүхэд юм гэж харж түүнийг төмөр зам руу уруу татсан юм. Одоо эргээд харахад би хүн таньжээ л гэж бодож явдаг. Ажилдаа зүтгэлтэй, сэтгэлтэй, хамт олонтойгоо нөхөрсөг, ааш зан сайтай, хүнд тусархуу гээд олон сайхан зан чанартай залуу даа. Миний итгэлтэй л хүмүүсийн нэг. Шөнө орой ажил гарвал хамгийн түрүүнд л дууддаг хүмүүсийн нэг. Замчид маань орой унтахдаа бараг ажлын хувцас, гар чийдэндээ зэхэж тавиад хэзээд бэлэн байдалтай байдаг юм шүү дээ. Бадамдорж маань ангийн, хэсгийн гээд их, дунд болон урсгал засварын хамаг л хүнд хүчир, хариуцлагатай ажилд томиоллогддог хүн. Дээр нь, олон жил замын мөлхөө үзлэгийг хийж байгаа. Энэ ажилдаа ч мэргэшсэн. Ер нь, зам төмрийн 50 гаруй гэмтэл илрүүлсэн. Сүүлийн жилүүдэд “багш шавийн гэрээ”-гээр шинэ залуу замчдыг сургаж дадлагажуулж байгаа. Одоо 5-6 залуу замчинтай “багш шавийн гэрээ”-тэй ажилладаг” хэмээн тодорхойллоо.

          Б.Бадамдорж “энэ ажил мэргэжлийг эзэмшээд өнгөрсөн хугацаанд нэр бүтэн яваа минь сайхан хамт олны минь буян даа. Замчдын хөдөлмөр хамтын хүч байдаг. Зундаа замынхаа засвар арчилгаанд бүгд л эн тэнцүүхэн ажиллана. Харин сүүлийн арав гаруй өвөл би замын мөлхөө үзлэгийг хийж байгаа. Мастер маань надтай хамт өндөр зэрэгтэй нэг замчин хуваарилчихдаг. 20 км замын аюулгүй байдлыг хариуцаж ажиллана гэсэн үг. Маш хариуцлагатай ажил гэдгийг би бүрэн ухамсарлаж ажилладаг. Надад бусдаасаа ялгараад байх чадвар гэж юу байх вэ. Ер нь, замчин хүнд гярхай чанар маш чухал гэж боддог. Надад тийм чанар байдаг байх л гэж боддог доо” хэмээн даруухан өгүүлэв. Түүний ярьснаар замчны ажил гэдэг өдрийн найман цагаар хязгаарлагддаг ажил биш аж. Замын мастер, бригадын дарга хэзээ ч ажилд дуудаж мэднэ. Тэр үед бид ажилд гарахад бэлэн л байх ёстой. Одоо бүр дасчихаж дээ гэв.

         Б.Бадамдоржийн гэргий удам дамжсан төмөр замчин бүсгүй. Гэргий С.Цэнд-аюуш зорчигч тээврийн төвийн явуулын кассир. Анх ирээдүйн гэргийтэй нь Чулуут зөрлөгийн жижүүр Пүрэвээ (хуурай эгч нь) танилцуулж байжээ. Төмөр замчин залуус айл болж голомтоо асааснаас хойш 13 жил өнгөрч, өдгөө гурван ч хүүхэдтэй өнөр айл болжээ. Хүүхэд шуугисан энэ айлд үргэлж инээд хөөр цалгиж байдаг бололтой. Замчин залуугийн гэргий нөхрийнхөө яриаг заримдаа залруулж, заримдаа цаашлуулж, инээдэм наргиа болцгооно.

        Чөлөөт цагаараа гэрийн эзэн үндэсний бөхийн барилдаан үзэх дуртай, Өөрөө барилдахгүй ч үнэхээр бөхийн хорхойтон аж. Тиймээс том хүүгээ жүдо бөхийн дугуйланд оруулжээ. Тэр “том хүү минь алсдаа юм дуулгах болов уу гэж найдаж байна” гээд инээв.

        Баян зөрлөг өдгөө буйдхан зөрлөг байхаа болж, хаяа тэлсэн том өртөө болж буй. Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэр баригдаж, шинэ салбар зам ашиглалтад орсноор ачилт, буулгалт нэмэгдэж, ажил буцалсан том газар болж буй. Тэр хэрээр замчдын ажил нэмэгдэж, хариуцлага ч зузаарч байгааг тэр дурдав.

        Эцэст нь, Б.Бадамдорж “төмөр замд, төмөр замчин сайхан хамт олон дунд сайхан л ажиллаж амьдарч явна даа. Үүнээс илүү би юу хүсэх билээ. Цэвэр агаарт, сэтгэл амар ажлаа хийж явах, үр хүүхэд минь эрүүл саруул өсөж торнихыг харах л жаргалын дээд гэж боддог” гэж сэтгэл хангалуун өгүүллээ. Тийм ээ, аз жаргал ийм энгийн. Үүнийг ойлгосон хэн бүхэн бүхнээс жаргалтай.   


                                                                                                                                                                                Б.Гүнжинлхам

Холбоотой мэдээ