Монголын Улаан загалмай нийгэмлэг Дотоод Хэргийн их сургуультай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмай нийгэмлэг, Дотоод Хэргийн их сургууль 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Хамтран ажиллах санамж бичгийн зорилго нь хүмүүнлэгийн эрх зүйг түгээн дэлгэрүүлэх, улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг гамшгаас хамгаалах чиглэлээр сургаж, бэлтгэх, гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчлах, улаан загалмайн анхан шатны хороо байгуулах, сонсогчдыг анхны тусламж үзүүлэх чадварт сургахад оршино.
Үүнээс гадна Улаан загалмайн анхан шатны хороог Дотоод Хэргийн их сургуульд байгуулж, тохижуулах ажил хийхээр тусгажээ. Мөн Улаан загалмайн анхан шатны хорооны танхимаар дамжуулан Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах юм.
Санамж бичиг байгуулах ёслолд Монголын Улаан
загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Ерөнхий нарийн
бичгийн даргын орлогч Т.Баярчимэг, Уур амьсгал, гамшгийн менежментийн газрын
дарга Ш.Мөнгөнтуяа, Дотоод Хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор,
цагдаагийн хурандаа П.Батбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн
хурандаа Б.Бат-Эрдэнэ, ОБС-ийн захирал, хурандаа Х.Сүхбаатар болон албаны
хүмүүс оролцлоо.