Завханд 100 ортой эмнэлэг нэмж дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-06 14:46:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 100 ортой ковидын эмнэлэг нэмж дэлгэлээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-Өнөөдрийн байдлаар Улиастай суманд Халдвартын эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Хүүхдийн эмнэлэгт 100 ор дэлгэж 101 өвчтөн, Эдийн засгийн сургууль дээр 135 ор дэлгэж 133 өвчтөн эмчлүүлж байна. Аймгийн Засаг даргын нөөц сангийн 10 сая төгрөгийн санхүүжилтээр шинээр 50 ор худалдан авч, Улаан загалмайн нийгэмлэгийн хандиваар 50 ор, нийт 100 ортой ковидын эмнэлгийг аймгийн Биеийн тамир, спорт хороон дээр дэлгэлээ. Өнөөдрөөс өвчтөнөө авч эхэлнэ гэв. Харин голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдын хүрэлцээ муу. Өвчтөнүүдийг тусгаарлан ажиглах боловсон хүчний нөөцгүй болж байгаа тул 9 сарын 15-наас хэвийн горимд ажиллах бэлтгэл ажлаа хангаж байгаа тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.

55-аас дээш насны иргэд өрхийн эмнэлэг дээрээ

очиж гурав дахь тунгаа хийлгэнэ

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд коронавирусний халдвартай нь батлагдсан тохиолдол 4217 болжээ.

Харин эдгэрсэн 2961, эмчлүүлж байгаа 1092 хүн байна. Эмнэлэгт 728 иргэн, гэрээр 364 иргэнийг эмчилж байгаа. Үүнээс биеийн байдал нь хөнгөн 932, хүндэвтэр 137, хүнд 18, маш хүнд таван иргэн байна. Харин дархлаажуулалтын эхний тунд 48.253 хүн хамрагдаж, нийт хамрагдвал зохих иргэдийн 88.3 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан байна. Харин вакцины бүрэн тунд 46.150 хүн хамрагдаж, нийт хамрагдвал зохих иргэдийн 84.5 хувь нь вакцинд хамрагдсан байна. Үүнээс 12-18 насны 6683 иргэн вакцины бүрэн тунд хамрагджээ. Мөн 55-аас дээш насны, вакцины хоёр дахь тунгаа хийлгээд гурван сараас дээш хугацаа өнгөрсөн иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж вакцинжуулалтын гурав дахь тунгаа хийлгэх боломжтой юм гэж аймгийн Шуурхай штабын эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ