"Сүү" ХК "Хөх тууз" хөтөлбөрт нэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Сүү" ХК Европын Сэргээн босголт хөгжлийн банкны "Хөх тууз" хөтөлбөрт нэгдэж, гарын үсэг зурлаа.
Ингэснээр "Сүү" компанийн хөгжлийн стратегийг нарийвчлан боловсруулах, үйл ажиллагааны онцлог, хэрэгцээнд тулгуурласан олон улсын болон дотоодын зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтээр дэмжих юм.
ЕСБХБ нь Монголын хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь "Хөх тууз" бөгөөд 5 жилийн хугацаанд гурван үе шаттай үргэлжилнэ. Ингэхдээ хөрөнгө оруулалтын өмнөх шатанд одоогийн байгаа чадвар, нөөцийг дайчлах, хөрөнгө оруулалт, төлөвлөлт, санхүүжилтийг дэмжих, хөрөнгө оруулалтын дараагийн шатанд байгууллагын шинээр буй болсон нөөц бололцоог дайчлахад туслах аж.
Хөтөлбөр нь компаниудын өсөлтийг тогтвортой хангах, засаглал, санхүүгийн менежментийн стандарт, тогтолцоог сайжруулах, хурдацтай хөгжлийг зохистой удирдан чиглүүлэхэд туслах зорилгоор шинэ хамтын ажиллагааг нээдэг.