Дулааны станцын өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-03 19:42:33

Ховд /МОНЦАМЭ/. “Ховд дулааны станц” ТӨХК нь 2021 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийтийн орон сууцны 1500 айл өрхийг хэрэглээний халуун усаар тасралтгүй хангаж ажиллалаа. 


Ховд аймгийн хэрэглэгчдийг өмнө нь арав
дугаар сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд  дулаанаар хангадаг байсан.

Тэгвэл Эрчим хүчний сайдын А/129 тоот тушаал гарч, сургууль, цэцэрлэг, нийтийн орон сууцны халаалтын үргэлжлэх хугацаа eсдүгээр сарын 15-ны өдрөөс  дараа оны тавдугаар сарын 15-ны өдөр болсон. Мөн  бусад хэрэглэгчид тухайн оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны тавдугаар сарын 1-ний өдөр  хүртэлх хугацаанд дулааны эрчим хүчээр хангагдахаар болсон юм

Иймээс “Ховд дулааны станц” ТӨХК нь eсдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн орон сууцны айл өрхүүдийг хэрэглээний халуун усаар хангаж, eсдүгээр сарын 15-ны өдрөөс дулааны эрчим хүчээр хангахаар зорилт тавьж, 2021-2022 оны халаалтын жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг графикийн дагуу хийж байна.

Одоогоор энэ ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил, их засвар, урсгал засварын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэхэд санхүүгийн хүндрэл байгаа тул дулааны эрчим хүчээр хангагддаг аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүд урьд оны дулааны төлбөр, тооцоогоо барагдуулахыг тус дулааны станцын зүгээс хүслээ. 

Мөн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд шугам сүлжээнд усны дүүргэлт хийхтэй холбоотойгоор өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн сантехникийн засвар үйлчилгээг дуусгаж, бэлэн байдлыг хангах замаар дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг “Ховд дулааны станц” ТӨХК-аас уриалав

 

Холбоотой мэдээ