Ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулан "Уулсын эзэн" дуу бүтээж байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-03 18:22:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биологич, байгаль хамгаалагч, дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийн амьдрах орчин Тост, Тосон бумбын нурууг хамгаалах үйлсэд өөрийн амь биеэ зориулан зүтгэсэн, цогтой эх оронч хүү Т.Лхагвасүмбэрэл агсанд зориулан "Уулсын эзэн" дуу бүтээж, зураг авалтыг эхлүүлжээ.


УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Ардчилсан намаас гарч буйгаа мэдэгдэж өнөөдөр хэвлэлийн хурал хийхдээ, уран бүтээлийнхээ тухай мөн танилцуулсан юм. 

Тэрбээр тус хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “Миний хувьд, соёлын өвийг хамгаалж, мартагдсан зүйлсийг сэргээж хойч үедээ өвлүүлэх эрхэм зорилготой. Би энэ зорилгынхоо төлөө дуучин, УИХ-ын гишүүн байхдаа ч тууштай явж ирсэн. Би АН-аас гарсан ч хийх ажил маш их байна. Өв соёлоо хамгаалах төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлнэ" хэмээн тодотгоод “Урлаг уран бүтээлийн хувьд, 30 гаруй дуутай цомгоо гаргахаар бэлтгэж байна. Мөн аймгуудын дуу дуулаад эхэлсэн. Саяхан уран бүтээлч залуучуудтай хамтран Баян-Өлгийнхөндөө зориулан дуу бүтээсэн. Дорноговь аймгийн дууны зураг авалтад ирэх долоо хоногт явна. Дараа нь Хөвсгөл аймгийн дуу гэх мэтээр үргэлжилнэ. Түүнчлэн хар залуугаараа маш сайхан түүхийг үлдээсэн, байгаль хамгаалагч, гэгээн сайхан залуугийн дурсгалд зориулан “Уулсын эзэн” гэдэг дуу бүтээсэн. Дууны зургийг авч бараг дуусаж байна" гэв.  




Т.Лхагвасүмбэрэл агсан Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нуруунд алт олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох, тус нутагт буй ирвэсийг хамгаалахын төлөө зүтгэж байсан бөгөөд 2015 онд зуурдаар нас барсан юм. 

Холбоотой мэдээ