Ховд хотын гудамж, талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-03 17:32:42

Ховд /МОНЦАМЭ/. Ховд хотын гудамж, талбай, ногоон байгууламжийн бүсэд ургасан өвс, шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажил хийгдэнэ.

Тодруулбал, eсдүгээр сарын 6-10-ны өдөр Ховд хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ургасан шарилж болон бусад зэрлэг ургамал, хог хаягдлыг цэвэрлэх шийдвэр гарсан байна.

Тус шийдвэрийг Жаргалант сумын Засаг даргын 2021 оны А/317 дугаар захирамжид тусгасан бөгөөд төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн болон түүний ойролцоох 50 мeтр хүртэлх газрын хог хаягдал, зэрлэг ургамлыг цэвэрлэх аж.

Мөн хотын төвийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжийг хариуцаж авсан байгууллагууд талбайнхаа арчлалт, хамгаалалтыг сайжруулах юм.

Ийнхүү гудамж, талбайн хог хаягдал, шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэх ажилд аймгийн төв, Жаргалант сумын 12 багийн айл өрх, дэлгүүр, бусад үйлчилгээний газрууд идэвхтэй оролцохыг мэргэжлийн байгууллагаас уриаллаа.

Цэвэрлэсэн хог хаягдал, шарилж, зэрлэг ургамлыг ачиж, нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлэх ажлыг "Шинэ Ховд Жаргалант" ТҮК, Хот тохижуулах газар хариуцан гүйцэтгэх аж.

Холбоотой мэдээ